Я.СОДБААТАРААС БОЛЖ У.ХҮРЭЛСҮХ НАМТАЙГАА, ЗАСАГТАЙГАА УРУУДАЖ БАЙНА

Аливаа зүйлийн тун хэтрэхээрээ биш болдог. Зорилго нурна, зовлон болно.

У.Хүрэлсүхийг 2017 оны намар Ерөнхий сайд, МАН-ын дарга болоход МАН-ынхан байтугай, монголчууд хоёр гараа өргөж дэмжсэн.
2020 оны сонгуулиар ч нэр хүндгүй болсон намынх нь нөхдийг У.Хүрэлсүхийн нэрэнд дулдуйдаж дэмжив.
Гэвч энэ алдаа болсон бололтой.
УИХ-ын сонгуулиас хойш У.Хүрэлсүх гэдэг хүн танигдахгүй болтлоо өөрчлөгдөв.
Ард түмнээс “Браво” авч байсан ЖДҮ-г эсэргүүцэгчийн дүрээс өмгөөлөн хамгаалагч болж өөрчлөгдлөө.
2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцрох эсэхээ шийдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж суухад нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дахиад “ЗТХ-ийн сайд, ХХААХҮ-ийн сайд нар чинь өөрсдөө хүсэлтээрээ хариуцлага хүлээж, ажлаа өгсөн гэж чуулган дээр танилцуулагдсан. Гэтэл та хариуцлага тооцсон гэлээ. Өөрсдөө өргөдлөө өгсөн юм уу, та хариуцлага тооцсон юм уу” гэхэд У.Хүрэлсүх “Өөрсдөө өргөдлөө өгөөд хариуцлагаа хүлээ гэж хэлсэн” гэж байв.
Ер нь л хариуцлага хэрэгтэй гэдэг байлаа.
Харин 2020 оны сонгуульд нам нь дахин үнэмлэхүй ялж өөрөө Ерөнхий сайдаар үлдсэнийхээ дараа Засгийн газрынхаа Шадар сайдаар Я.Содбаатарыг томилсон юм.
ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар өөрийнхөө “Эпато анарваан” компаниар 2018 онд 1.2 тэрбум, “Ти Эс Эм” компаниараа 2017 онд 800 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан нь ил болсон. Энэ илрэнгүүт Я.Содбаатар “Манай гэр бүлийн хүн “Эпато анарваан” компанийг найзуудтайгаа нийлж байгуулсан юм билээ. Эхнэр маань тус компанийн 25 хувийг эзэмшдэг” гэж гүрийж үзсэн. Гэвч удалгүй “Миний эхнэрийн үүсгэн байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл авсантай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Хэдийгээр зээл авахад нь нөлөөлөөгүй, хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй ч улс төрч, төрийн албан хаагчийн хувьд хариуцлага хүлээж байгаа юм” гээд сайдын ажлаа өгч байсан. Улмаар УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн. Харин нам дээрээ нэлээд эрх мэдэлтэй Сонгуулийн менежерийн үүргийг гүйцэтгэж өнжсөн байдаг.
Яг үнэндээ намынхан нь ч, олон нийт ч Я.Содбаатарыг шүүмжилдэг.
Энэ явсаар У.Хүрэлсүхийн нэр хүндэд ч нөлөөлж эхэллээ.
МЭК ХХК-ийн 2020 оны 8 сарын 19-24-ний хооронд хийсэн судалгааны дүнгээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр хүнд огцом уналттай байгаа дүнтэй гарчээ. Үүнийг дөрвөн шалтгаантай гэсэн байна. Үүний хоёр нь ЖДҮ-гийн зээл авсан улстөрчид, тэднийг Засгийн газарт оруулсан томилгоо болж таарлаа.
Өөрөөр хэлбэл, Я.Содбаатар найз У.Хүрэлсүхийнхээ нэр хүндэд бодитоор нөлөө үзүүлж эхэллээ.
Магадгүй, УИХ-ын сонгуулиар У.Хүрэлсүхийн өндөр нэр хүнд МАН-ыг өөд нь татаж байсан бол Я.Содбаатараас болоод уруудаж яваа нэр хүнд нь Орон нутгийн сонгуулиар МАН-ыг газардуулж мэдэхээр байна.
Ийн Я.Содбаатараас болж У.Хүрэлсүх намтайгаа, засагтайгаа уруудаж эхэллээ.

Эх сурвалж: news1mn

SHARE