Цагдаа нар хар арьст эрэгтэйг буудсанаас үүдэн НБА-гийн плей оффын тоглолтуудыг хошлуулав

АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод цагдаа нар хар арьст Жейкоб Блейкийг олон удаа буудан хүнд шархдуулснаас үүдэн НБА-гийн “Милуоки Бакс” багийнхан “Орландо Мэжик”-ийн эсрэг плей оффын эхний шатны тав дахь тоглолтод гарахаас татгалзжээ. “Орландо Мэжик”-ийн сагсан бөмбөгчид өрсөлдөгч багийнхныг дэмжин мөн тоглохоос татгалзсан байна.

Эл тоглолтоос гадна “Хьюстон Рокитс” ба “Оклахома Сити Тундер”, “Лос Анжелес Лейкерс” ба “Портленд Трейл Блейзерс” багуудын тоглолтыг хойшлуулахад хүрчээ. НБА-гийн дээрх багуудын тоглогчид талбай дээр “Black Lives Matter” (“Хар арьстнуудын амь нас ач холбогдолтой”) гэсэн бичиг бүхий хувцастай гарч ирсэн бөгөөд талбайн шал дээр мөн ингэж бичсэн байв.

Энэ сарын 23-нд Кеноша хотод цагдаа нар зэвсэггүй Жейкоб Блейкийг хэд хэд буудан шархдуулснаас болж Висконсин даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, замбараагүй байдал газар авчээ.

Сүүлийн саруудад цагдаа нар Жорж Флойд, Бреонн Тейлор, Райшард Брукс зэрэг хар арьтнуудыг буудан хороосноор АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн билээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE