Генерал Т.Бадрал албан ёсоор ялаас мултарлаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан, уг хэргийг давтан үйлдсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдсон хошууч генерал Т.Бадрал гэв гэнэт Хятад суух Элчин сайдаар томилогдсон. Ерөнхийлөгч түүнд Итгэмжлэх жуухыг гардуулж, албан ёсоор ялаас мулталлаа. Ерөнхий сайдын итгэлт хүн гэгддэг хошууч генерал Т.Бадралын хэрэг найман сарын өмнө шүүхээс мөрдөн байцаалтад буцаад байсан юм.
Сануулахад, АТГ-аас хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга асан, одоо дарга болсон бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг 17 тендер хууль бусаар явуулж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт буруутган гурван жил гаруйн хугацаанд шалгаж, яллагдагчаар тооцсон байдаг юм.

SHARE