Аваргуудын лигийн хагас шигшээд “Байерн” “Лион”-ыг итгэлтэй хожлоо

Аваргуудын лигийн хагас шигшээгийн хоёрдахь тоглолтод Германы аварга “Байерн” Аваргуудын лигт “Ювентус”, “Манчестер Сити”-г хожин дуулиан тарьсан Францын “Лион”-ыг 3:0-ээр итгэлтэйгээр буулган авлаа.

Шөвгийн наймд “Барселон”-ыг 8:2-оор бүтниргэж доромжилсон “Байерн”-аас “Лион”-ы хаалганд Серж Гнабри хоёр, Роберт Левандовски нэг гоол оруулсан юм. Тоглолтын эхэнд “Лион”-ы Мемфис Депай “Байерн”-ы хаалгачийн эсрэг ганцаараа гарсан ч гоол оруулж чадаагүй бөгөөд төдөлгүй Карл Токо Экамбигийн цохиолт хаалганы шонг оносон билээ. Хэрэв “Лион” түрүүлж гоол оруулсан бол тоглолтын хувь заяа хаашаа ч эргэж болов байв. Гэвч гайхамшиг бололгүй “Байерн” ээлжит хожлоо авсан юм.

Одоо “Байерн” Аваргуудын лигийн “дэлдэн”-ын төлөө энэ сарын 23-нд болох финалын тоглолтод Францын “Пари Сен Жермен”-тэй өрсөлдөнө.

ЛионБайерн” – 0:3 (0:2)
Гоолууд: Гнабри, 18 – 0:1. Гнабри, 33 – 0:2. Левандовски, 88 – 0:3.

Лион: Лопеш, Денайер, Марсело, Марсал (Шерки, 73), Дюбуа (Тете, 67), Какере, Гимарайнс (Мендес, 46), Ауа, Корне, Экамби (Рен-Аделед, 67), Депай (М. Дембеле, 58).
Байерн”: Нойер, Киммих, Боатенг (Зюле, 46), Алаба, Дэвис, Алкантара (Толиссо, 82), Горецка (Павар, 82), Гнабри (Коутиньо, 75), Мюллер, Перишич (Коман, 63), Левандовски.

 

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE