Мал эмнэлгийн ерөнхий газрын тендерт шалгардаг компаниудын ард хэн байдаг вэ?

Элдвийн хэл ам, хов живнээс хол, хүмүүс төдийлэн анхаарал тавиад байдаггүй хэдэн газар, агентлаг бий. Нэг нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/ юм.

Энэ байгууллагын сүүлийн гурван сарын худалдан авалтыг “сонирхсон” юм.

МЭЕГ-ын дарга 2020 оны 5 сарын 12-нд Гэрээ байгуулах эрх олгох тухай А/126 тоот тушаал гаргажээ. Үүгээр “Мал , амьтны халдварт, гоц халдварт өвчний оношлуур, эм урвалж, шил сав худалдан авах тухай” МЭТШ2020/03-014 дугаартай тендерт “Гарааны ветбиотех” ХХК-тай дотоодод үйлдвэрлэгдэж буй амл, амьтны халдварт, гоц халдварт өвчний оношлуур, эм урвалжийг худалдан авах эрх олгожээ. Энэ гэрээний дүн нь 108 275 700 000 /Нэг зуун найман сая хоёр зуун далан таван мянга долоон зуу/ төгрөг аж.

Уг тендерт шалгарсан “Гарааны ветбиотех” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг, ХААИС-ийн Магистр докторын сургуулийн захирал Б.Баттөр нар байгаа юм. Тэд малын эм худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийг 2016 оны 3 сарын 31-нд байгуулсан байна.

Мөн тэд компаниа “Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны ветбиотех” ХХК” /эх сурвалж: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=586398542110033&id=420989318650957&comment_id=587395372010350&reply_comment_id=588106571939230 хэмээн зарладаг байна.

Төрийн байгууллагын дэргэд ашгийн төлөө компани ажилладаг хуулийн ямар зүйл заалтыг байдгийг эрхэм захирлуудаас асууя! Бас нэг чиг үүргийн байгууллагадаа удирдах албан тушаал хашчихаад тендер аваад сууж байдаг нь хуулийн дагуу юу гэдгийг тодруулъя!

Мөн Д.Түмэндэмбэрэл дарга 2020 оны 5 сарын 12-ны өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай А/127 дугаартай тушаал гаргаж “Монветмед” ХХК-ийг “Гоц халдварт шүлхий өвчний оношлуур, урвалж худалдан авах тухай” МЭТШ2020/03-012 дугаартай тендерт шалгаруулж шүлхий өвчний лабораторийн шинжилгээнд шаардагдах оношлуур, урвалжийг худалдан авах эрх олгожээ. Энэ гэрээний үнийн дүн нь 151 888 080 /нэг зуун тавин нэгэн сая найман зуун наян найман мянга ная/ төгрөг болжээ.

Мөн энэ компанид МЭЕГ-ын даргын 2020 оны 5 сарын 26-ны А/137 тоот тушаалаар “Бог малын мялзан, гахайн африкийн мялзан өвчний оношлогоонд шаардлагатай оношлуур, хэрэглэгдэхүүн худалдан авах 186 905 000 /нэг зуун наян зургаан сая есөн зуун таван мянга/ төгрөгийн өртөг бүхий тендерт гэрээ байгуулах эрх олгожээ.

“Монветмед” ХХК-ийн хамаарал бүхий төрийн албан хаагч нь Баянгол дүүргийн Татварын улсын байцаагч Д.Эрдэнэжаргал юм байна. Эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо, эмчилгээ, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийг 2006 оны 4 сарын 11-нд байгуулжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээ, эм импортлох чиглэлийг 2018 оны 4 саын 25-нд бүртгүүлсэн байна.

SHARE