Хөгжлийн банк зээлдэгчтэйгээ шүүхдэлцэж, төсвийн мөнгийг улсын тэмдэгтийн хураамжид өгсөөр байх уу?!

Улсыг хөгжүүлэх томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкийг байгуулсан. Ингэхийн тулд гаднаас босгосон хөрөнгө оруулалт, бондуудыг энэ банкаар дамжуулан зарцуулдаг юм.

Гэтэл Хөгжлийн банк өгсөн зээлийнхээ араас хөөцөлдөж, шүүхэд очсон тохиолдол нь хэрээс хэтрээд байна.

Хамгийн гол нь Хөгжлийн банкны өгдөг зээл нь жирийн иргэний орон сууцны юм уу, цалингийн зээлтэй харьцуулашгүй. Ганц зээл л хэдэн арван тэрбумаар яригддаг.

Тухайлбал, Хөгжлийн банк 2017 онд “Сонгоулд” ХХК-д  699.6 сая иен зээлдүүлжээ. Тус компани энэ зээлийн санхүүжилтээр далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн зардал, баяжуулах үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн төлбөр, хаягдлын агуулах, үйлдвэрийн тохируулга, эргэлтийн хөрөнгийн зардалд зарцуулна гэсэн материалыг бүрдүүлж өгчээ.

“Сонгоулд” ХХК нь 2017 онд 3 кг, 2018 онд 1 кг алт олборлосон байна. Үндсэн орд ашиглалтад ороогүй, алт баяжуулах үйл ажиллагаа жигдрээгүй гэсэн хүсэлтийг гаргаж Зээлийн хорооны 2017.12.14-ний дүгнэлт, ТУЗ-ийн 2017.12.22-ны тэмдэглэлээр зээлийн нөхцлийг өөрчилж, хугацааг сунгасан байна. Ингэхдээ Хөгжлийн банкнаас “Сонгоулд “ХХК болон төсөлд оролцогч оператор компанитай уулзаж, зээлийн төлбөрийн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгсөн байна. Хэрэв тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэдгийг анхааруулжээ.

“Сонгоулд” ХХК зээлийн үүргээ биелүүлээгүй учир одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа 2019 оны 8 сарын 29-нд тушаал гаргаж  789 714 442.28 иен буюу 2019 оны наймдугаар сарын 26-ны Монголбанкны ханшаар 19 782 346 781.86 төгрөгийг төлүүлэхээо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.Ингэхдээ улсын тэмдэгтийн хураамжид Хөгжлийн банкнаас 99 069 683.91 төгрөг төлж байсан юм.

Гэтэл шүүх Хөгжлийн банкны нэхэмлэлийг бүрэн хангалгүй шийдсэн байна.

Тиймээс Хөгжлийн банзны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Мөнхсүх 2020 оны 5 сарын 6-нд тушаал гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 17 971 105 877.96 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 129 456 877.92 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Иймд Нийслэлийн иргэний хэрний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахыг холбогдох албан тушаалтнууддаа даалгажээ. Ингэж дахин маргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 10 805 234.39 төгрөгийг Хөгжлийн банкны төсвөөс гаргажээ.

“Сонгоулд” ХХК  нь 2006 оны 11 сарын 10-нд үүсгэн байгуулагдсан. Эзэмшигч нь С.Дуламжав юм байна. “Сонгоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Батболд гэж бий.

Д.Батболд нь хэд хэдэн хоршоо байгуулсан. Хэд хэдэн компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Энэ компани шохойнолборлолт, боловсруулалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн Эрээн гол MV-015617, Зуун модны гол-1 MV-015618, Зуун модны гол MV-015619, Баавгайт MV-004265, Эрээн MV-002616 зэрэг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна.

Ийм жишээ олон бий. Улсын гадаад өр талийсан. Гэтэл энэ өрний ихэнхийг бүрдүүлж байгаа Хөгжлийн банкны томоохон зээлдэгчид зээлээ өгөхгүй, өгөх дээрээ тулбал шүүхэддэг. Шүүхдэхийн тулд улсын тэмдэгтийн хураамж гэж зуу зуун саяар нь зардал гаргана. Шүүх нь дутуу хагас шийднэ. Тэрийгээ олж авах гэж дахиад улсын тэмдэгтийн хураамжид Хөгжлийн банкны төсвөөс мөнгө гаргана.

Ингээд л байж байх уу. Хөгжлийн банк зээлдэгчтэйгээ шүүхдэлцэж, төсвийн мөнгийг улсын тэмдэгтийн хураамжид өгсөөр байх уу?!

Эх сурвалж: news1.mn

SHARE