Антарктид дахь “Мирный” станцад түймэр гарчээ

Антарктидын зүүн эрэгт байрладаг ОХУ-ын “Мирный” станцын нэгэн барилгад энэ сарын 21-ны орой гэнэт түймэр гарч секундэд 20-25 метрийн хурдтай шуурганы улмаас хүмүүсийн амьдардаг каюткомпанид шилжсэн ч шуурхай унтрааж чаджээ. Хүмүүсийг ослын хаалгаар гаргасан бөгөөд хүний амь эрсдээгүй тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Түймэрт радио холбооны, цаг уурын, агаарын хэмжилтийн зэрэг өрөөнүүд болон гурван лаборатори бүрэн шатжээ. Барилгад амьдарч байсан 11 хүнийг станцын бусад барилгуудад шилжүүлж, дулаан хувцсаар хангажээ. Түймрийн уршгийг арилгах ажил өрнөж, түймрийн шалтгааныг тогтоох комисс байгуулжээ.

“Мирный” станцыг ЗХУ 1956 оны хоёрдугаар сарын 13-нд нээсэн бөгөөд цагаан тивд ажилладаг орон орны 90 орчим станцын нэг юм.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE