Нью-Йорк дахь Теодор Рузвелтийн хөшөөг буулгана

АНУ-ын Нью-Йорк хот дахь Түүхийн музейн өмнө сүндэрлэдэг тус улсын 26 дахь Ерөнхийлөгч (1901-1909 онууд) Теодор Рузвелтийн хөшөөг буулгахыг Нью-Йоркийн Засаг газрын тамгын газар зөвшөөрсөн тухай “The New York Times” сонин уламжиллаа.

Түүхийн музейн захирал Эллен Фаттер мэдэгдэхдээ, “Манай музейн хамт олон Жорж Флойдыг егүүтгэснээс хойш өрнөсөн арьс өнгөөр ялгаварлах явдлын эсрэг тэмцлийг ихэд хүндэтгэж байгаа билээ. АНУ төдийгүй дэлхий даяар расизмын бэлгэдэл болсон хуучны хөшөө баримлуудыг буулгах болсныг ойлгож байна” гэжээ.

Теодор Рузвелтийн хөшөөний хоёр талд хар арьстан, индиан хүн дүрслэгдсэн нь сүүлийн үед хүчээ аваад буй хар арьстнуудын расизмын эсрэг хөдөлгөөнийхний хараанд өртөх байсан нь гарцаагүй. Тэд Америк тивийг нээсэн Христофор Колумб, АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны хөшөөг хүртэл нураагаад байгаа билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE