Лалын сүмд халдаж хятад гаралтай дүүгээ бүрэлгэсэн Норвегийн хэт баруун үзэлтэн 21 жилийн ял сонсчээ

 

Норвегийн шүүх тус улсын хэт баруун үзэлтэн Филип Мансхаусыг аль болох олон хүн хороох зорилгоор лалын сүмд халдсан, түүнчлэн арьс өнгөөр ялгаварлан эмэгтэй дүүгээ хороосныг нотлон 21 жилийн хорих ял оноосон тухай “Дойче Велле” агентлаг уламжилж байна.

 

Өөрийгөө неонацист гэж үздэг 22 настай Филип Мансхаус 2019 оны наймдугаар сарын 10-нд Норвегийн нийслэл Ослогоос 20 км зайд оршдог Берум хотын лалын “Аль Нур” төвд хэд хэдэн буутай, сум нэврэхгүй хантааз, видео камертай дуулга өмсөн нэвтэрч замбараагүй гал нээж эхэлжээ. Түүнийг 65 настай лалын шашинтан унагаж бууг нь булаахдаа шархдсан аж.

Лалын сүмд баривчлагдахаасаа өмнө Филип Мансхаус хойд эхийнхээ өргөж авсан хятад гаралтай эмэгтэй дүүгээ дөрвөн удаа буудан амийг нь хороожээ.

Норвегид бүх насаар нь хорих ял байдаггүй ч гэмт этгээдийг нийгэмд аюултай гэж үзвэл 21 жилийн дараа ялын хугацааг нь сунгаж болох юм байна.

Б.Төгсөө

SHARE