С.Чинзориг: Бүх аж ахуйн нэгжийг ялгаварлахгүй НДШ-ээс чөлөөлнө

“COVID-19 цар тахлын үед бүх аж ахуйн нэгжийг ялгаварлахгүй, үйл ажиллагаа нь доголдсонд тооцож Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нарын хамт Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлсэн юм.

УИХ-аас баталсан дээрх хуулийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаатай НДШ-ээс чөлөөлөх, ажилчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хууль хэрэгжинэ.

Үүнд,

  • хувийн хэвшлийн бүх аж ажуйн нэгж, түүний ажилтан даатгуулагч
  • гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний ажилтан даатгуулагч
  • төрийн болон хувийн хэвшлийн бүх их дээд сургууль, түүний ажилтан даатгуулагч
  • төрийн бус байгууллага, түүний ажилтан даатгуулагч хамрагдана.

ХНХ-ын сайд С.Чинзориг хэлэхдээ, “Цар тахлын үед бүх аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа нь доголдож, орлого нь багассан гэж тооцон дээрх хуулийн үйлчлэлд хамруулна. Мөн аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр буюу хөлсөөр ажиллуулсан ажилтан байгаа бол ажлын байраа хадгалж байгаа гэж тооцно. Сайн дураар даатгуулагч НДШ-ийн 56 мянга 700 төгрөгөөс чөлөөлөгдөх юм. Мөн дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл урьдчилсан төлсөн аж ахуйн нэгж, иргэний НДШ-ийг буцаан олгоно” гэв.

ААН, байгууллагууд НДШ-ийн төлөлтийнхөө сар бүрийн тайланг дараа сарынх нь 5-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлдэг. Тиймээс тавдугаар сарын 5-ны дотор аж ахуйн нэгж, байгууллаууд тайлангаа цахимаар холбогдох нийгмийн даатгалын хэлтэст ирүүлэхийг сануулав. Энэ тайланг үндэслэн дээрх дөрвөн ангиллын шаардлага хангасан ААН, байгууллагыг НДШ-ээс чөлөөлөх юм байна.

Мөн НДШ-ийн өртэй байгаа ААН-үүд хуульд хамрагдахгүй гэсэн асуудал байхгүй бөгөөд Засгийн газраас өрийн хүү бодохгүйгээр хуульд өөрчлөлт оруулж зохицуулсныг тэмдэглэлээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая иргэн байгаагийн 200 орчим мянга нь төрийн албан хаагч буюу төсвөөс цалинждаг. Үлдсэн хувийн хэвшилд хөдөлмөр эрхлэгч буюу 75 орчим хувь нь энэхүү хуулийн үйлчлэлд хамаарах аж.

SHARE