ДАРХЛАА

 

Г.ЖАМЬЯН

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Би энэ сэдвийг бичих гэж мөн ч олон жил бодож, бясалгаж явж дээ. Мөн л “эсэргүү” болоод баригдах байх гэж бодоод дуугаралгүй өдий хүрсэн юм. Тэгтэл саяхан Бундангийн хүү манай нэрт эмч Болдсайхан монгол хүний дархлааны талаар телевизээр ярьж байхыг сонсоод зориг орлоо. Болдсайханы аав Ц.Бунданг манай улсад байтугай дэлхийд мэдэхгүй хүн ховор. Төрийн шагналт алдарт мэс засалч. Миний дотны найз байгаад ид хийж бүтээх насандаа таалал төгсч билээ. Нэгдсэн III эмнэлгийн бараг бүх хүнд хэцүү мэс заслыг Ц.Бундан эмчийн багийнхан хийдэг байж билээ. Тэр багийнхнаас одоо ч байгаа. Хөдөлмөрийн баатар, гавьяат болсон хүн олон бий.

Ц.Бундан миний амийг аварч байсан тухай, энэ багийнхантай хамтарч сурвалжлага, сурталчилгаа хийж байсан тухайгаа би хэд хэдэн ном зохиолдоо бичсэн. Хамгийн сүүлд “Сөрж, сөхөрч туулсан хорвоо” номондоо дэлгэрэнгүй бичсэн нь бий. Одоо удахгүй хэвлэгдэх Казахын ард түмний үнэнч хүү төр, нийгмийн зүтгэлтэн, нэрт эмч С.Абденбайн тухай номонд бичсэн өмнөтгөлдөө ч дэлгэрэнгүй бичсэн байгаа. Миний байнга дурсаж байдаг хүндэт хүн Ц.Бундан эмчийн хүү Болдсайханы телевизээр ярьсан ярианд урамшиж бас энэ залуу эмчийнхээ бодол санааг дэмжих үүднээс энэ “Дархлаа”-г бичиж сууна.

“Дархлаа тогтох” гэдэг нь бидний ярьж сурснаар биеийн эсэргүүцлийг сайжруулах гэсэн үг юм билээ. Монголчууд төв Азийн эрс тэс уур амьсгалд зохицсон, биеийн эсэргүүцэл сайтай хүмүүс. Ялангуяа, бидний эцэг дээдэс энэ уужим дэлгэр нутагтаа морин дэл дээр эрүүл агаар амьсгалан дарцаглаж, 500 төрлийн эмийн ургамал иддэг таван хошуу малынхаа мах, сүүг идэж уун, өмсөж зүүж явахад өвчин тахал хүрэхийн аргагүй дархлаа буюу биеийн эсэгүүцэлтэй байж. Монголд ямар аймшигтай өвчин тахал гарч байсан гээ. Тэр бүхнийг ялж даваад гарч байсан баримт олон бий. Монгол хүний дархлааны гол нь мах өөх, өрөм хурууд гэдгийг Б.Болдсайхан эмч хэлээд өглөө. Хуучин тогтолцооноос одоо хүртэл биднийг мах өөхнөөс гаргах, сүү цагаан идээг маань химийн янз бүрийн бодисоор баяжуулж боловсруулах бодлого явж ирлээ. Өөрөөр хэлбэл, монгол хүний  генийг өөрчлөх бодлого. Олон арван жил энэ бодлого үргэлжилж бид холестеринээс, хүүхдүүд нь өөхнөөс айдаг болчихсон юм. Монгол хүүхэд сүүл, хэрсэн хөхөж борог хоолонд ордгийг ч болиулчихсан. Бидний үеийнхэн бүгд хонины сүүл, үхрийн хэрсэн хөхөж амласан. Бид уяатай, бидний хөхөж байсан хар болсон сүүлийг ээж нар халуун цайд нэг булхаад хөхүүлдэг байж.

Сүүл хөхөж өссөн хүүхэд бараг өвчин тусдаггүй юм. Уяад сургачихсан хүүхэд түлэгдэнэ гэж байдаггүй. Би хүүхэд өсгөх уламжлалт аргуудыг хэчнээн ч бичив. Жамьян хуцваа л гэх юм билээ. Уяад сургачихсан хүүхэд осолд ордоггүй юм. Би таван нас хүртлээ уяуулсан гэж байгаа. Цай хоолоо идэж уучихаад, уяан дээрээ очоод суучихдаг байсан гэдэг. Уяаг хүүхдийн бурхан гэж нэрлэх тал ч бий. Хүүхдийг уяж сургавал түлэнхийн төвийн хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Би мах өөхөөрөө хооллож урт насалсан олон хүнийг мэдэх юм. Үүнийхээ баримт болгож олны танил хэдэн хүнийг авъя. Минжүүр баатрыг танихгүй хүн Монголд байгаагүй. Манай хөгшний ах Х.Гунгаадоржийн их найз, сүүлийн үед миний хуурай ах болсон хүн. Архангай аймгаас төрсөн Хөдөлмөрийн баатар л даа. Би Минжүүр баатрын тухай хоёр ч ном бичиж билээ. Номын материал цуглуулах гэж Минжүүр баатартай Архангайн олон газраар хонуут өнжүүт явсан. Баатрын маань гол хоол өөхтэй тарган мах. Нутгийн ард түмэн нэгдлийнхээ даргыг их хүндэлнэ. Тиймээс очсон газар, хоноглосон газар бүхэнд нь хонь, үхрийн тарган мах чанаж, нэг усаар авсан нэрмэл архи аягална. Минжүүр баатар тарган махыг өөх голдуухан иднэ. Харин нэрмэл архинаас нэг мөнгөн аяганаас илүү уухгүй.

Хамар дээгүүр нь хөлс бурзайгаад ямар сайхан болно гээ. Гэртээ голдуу махан хоол иднэ. Би тарган мах идмээр санагдах үедээ Минжүүр ахынхыг зорьдог байж билээ. Манай Гөөг /Гунгаадорж ах/ Минжүүр баатар хоёрын нэг хошин яриа байдаг. “Цөсөнд нь чулуу ургаж гэнэ гэсэн чинь цаадах нь чулуу биш яс байлгүй дээ” гэсэн гэдэг. Минжүүр баатар 90 хол даван наслаж хэдэн жилийн өмнө таалал төгссөн.

Бас нэг хүнийг та нарт сонирхуулъя. Миний нэг сургуулийн найз, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гэж хүн бий. Одоо 80 хол даван насалсан. Тарган мах л идэж байдаг хүн. Нойроо хүрэхгүй болохоор шөнө босч хөргөгчнөөсөө мах гарган хэд огтлоод, тайван сайхан унтдаг гэсэн. Жинхэнэ өөх махан хоолтон бол энэ хүн. Хэдэн жилийн өмнө өвдөг нь өвдөөд гадаадад очиж үе солиулсан. Гадаадаас ирээд долоо хоногийн дараа нийтийн бүжиг хийж явна гэнэлэй. Мах, өөхний хүчээр тийм эрүүл чийрэг явдаг болов уу гэж боддог юм. 70 нэлээн гарсан хойноо Сэлэнгэ аймгаас УИХ-д нэр дэвшиж, сурталчилгаанд нь би хамт явсан. Үүр цайтал залуучуудтай бүжиг хийчихдэг юм даа. Одоо тэрээр 90 шахаж байгаа. Саяхан телевизээр 25-т шиг л хүн ярьж байна билээ. Бас нэг сонин тохиолдол бий. Эрүүлийг хамгаалах яамны нэг хэлтсийн дарга Т Европт очиж мэс засал хийлгэсэн юм билээ. Нэлээн хүнд мэс заслын дараа тэнхэрч өгөхгүй байж. Одооныхоор бол дархлаа нь суларч л дээ. Нэлээд хэд хоногийн дараа эхнэр нь эргэж очихдоо нэг шилтэй юмтай очиж. Өвчтөн маань тэр шилтэй зүйлийг хэд хувааж уугаад босоод ирсэн гэсэн. Хамт байсан өвчтөнүүд нь гайхаж юу уучихав. Ямар шидтэй юм уучихав” гэхэд нь зүгээр л  монгол хонины шөл байсан байгаа юм. Ингээд Т эдгэрч нутагтаа ирсэн л дээ. Эрх мэдэл бүхий дарга байсны хувьд нэг зүйлийг шинэчилсэн. Тухайн үед Монголд төрсөн эхчүүдэд шөл оруулахыг хатуу хориглосон байсныг цуцлаж, төрөх газруудад эхний ээлжинд хонины махтай шөл оруулдаг болж билээ. Монгол эхчүүд ингэж л дархлаагаа сайжруулж, хониныхоо шөлөөр хоёр яс салдаг болсон доо. Энэ бол манай ард түмний дээр үеийн дархлаагаа сайжруулах шалгарсан арга байсан юм билээ. “Төлөөр өсч, шөлөөр цаддаг” гэсэн нэг гайхамшигтай үг ч бий.

Миний ээж Г.Дуламсүрэн /Мөөм/ 93 сүүдэр элээж хэдэн жилийн өмнө таалал төгссөн. Мөөм минь жинхэнэ мах өөхөн хоолтон байсан. Бидэнд тэр бүр тураг мах олдоод байх биш дээ. Мөөм минь Оросын цэргийн ангийн хаягдал цувдай, толгой үүрч ирээд толгойных нь махыг цувдай, хөмүүлтэй холиод ямар амттай хуушуур хийнэ гээ. Заримдаа дан өөх, хөмүүлтэй холиод хуушуур, бууз хийнэ. Өвлийн хүйтэнд цагаатай хярамцаг гэж гоё хоол бий. Тэр бүхэн  биеийн эсэргүүцлийг сайжруулж урт наслуулсан байх. Мөөм гэдэг гүжирмэг бор авгайнхаа тухай би мөн ч олон бичиж, ярьсан. Мөөмийнхөө 10 сургаалийг ном болгондоо бичиж өнөөгийн залуусыг үзээсэй гэж боддог. Тэд бараг юм уншихгүй юм чинь үзээгүй л яваа. Үндэсний радио, телевизийн захиргаа жил болгон “Ээждээ бичсэн захидал” бичлэгийн уралдаан зарладаг. Би тэр уралдаанд “Ээжийнхээ сүнсэнд бичсэн захидал” гээд энэ бүхнийг бичсэн. Тоож үзээгүй юм шиг билээ. Би уг нь уралдаанд байр эзлэхдээ биш ээжийнхээ 10 сургаалийг олон түмэнд хүргэвэл залуус санаа авах бол уу л гэж бичээд байгаа юм.

Монголчууд мах, цагаан идээнээс гадна дархлаагаа сайжруулах олон зүйлийг хэрэглэдэг байж. Арвайн гурил, сулийн гурил, цулхирын гурил гээд. Ганц баримт дурдахад монголчууд жин тээж алс холын замд явахдаа арвайн гурилыг шар тосонд багсарч эрхийн чинээ бөөрөнхий болгож хатаагаад ууталж авч явдаг байсан юм. Өдөрт нэгийг л идэхэд тэр өдрийн өл даадаг байсан юм билээ. Монгол үндэсний аргаар дархлаагаа сайжруулдаг ийм олон баримт бий. Тэр болгоныг тоочиж баршгүй. Энэ дашрамд уншигч олон түмэндээ санаа аваасай гэсэн хэдэн зүйл байна.

1.Монгол газар нутаг дээр хүн бий болсноос хойш мянга мянган жилээр хадгалагдаж ирсэн. Монгол ген гэж зүйл бий. Монгол генийг хүчээр устгах гэсэн бодлого байж болохгүй байх л даа. Иймээс би монгол хүн Монголоороо байх ёстой гэж хатуу боддог хүн. Тэгээд ч монгол хүнд тохироогүй, монгол хүний дархлааг дэмжиж болохгүй олон зүйлийг эсэргүүцэж ирлээ. Жишээ нь цагаан идээ. Би ганц хоёр баримт авъя. Сүү, таргийг янз бүрээр савлаж, бараг л цаг тутамд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилж байна. Тэр сүү тараганд юу найруулдгийг мэдэхгүй.

Лав л хүний тэр дундаа настнуудын гэдсийг хямраах зүйл байдаг бололтой. Дэлэнгээсээ ирсэн монгол үнээний сүү бол хачин зохимжтой сайхан байх юм. Бас сүүн ааруул гэж амт чанар сайтай, сайхан ааруул гарсан. Үнэ нь даанч өндөр нэг кг нь 20 мянган төгрөг. Гэтэл сүүлийн үед сүүн ааруул гээд бутарч унасан, хачин юм зарж байгаа. БНХАУ-д хүүхдийн сүү тарганд меламин гэж хортой бодис хольж найруулсныг илрүүлээд компанийнх нь захиралд цаазын ял өгсөн байдаг. Иймээс сүүн бүтээгдэхүүндээ байнгын хяналт тавьж, дархлаа муутгах биш сайжруулах талаас нь бодолцоорой гэж хууль хяналтынханд сонордуулмаар байгаа юм.

  1. Эмийг Монгол оронд туршдаг, туршлагын зүйл болсон. Хаа холын, янз бүрийн амьдралтай, бие цогцостой хүмүүсийн хэрэглэдэг эм тариаг авчраад хүчээр бидэнд уулгаж, тарьж байгаа. Халуун орны халуун цустай хүмүүст таардаг эм тариа монголчуудад таарна гэж үү. Эм болгон нь дагалдах хэдэн хуудас бичигтэй. Өвчин эдгээнэ гэхээсээ харш нөлөө нь илүү ийм эм, тариаг авчраад л бидэнд туршаад байгаа юм даа. Эмч болгон ардаа нэг эмийн сантай. Өвчтөнд тэр эмийн сангаа зааж өгнө. “Наад эм чинь…р эмийн санд байна билээ. Өөр эмийн сангуудад ч байхгүй байх” гэнэ.

Тэр эм, тариа нь зааж өгсөн эмийн санд нь өндөр үнэтэй байх жишээтэй. Голдуухан л Америк, Англи, Герман, Франц, Энэтхэг, Японы нэр барьсан сүлжээний эмүүд байх юм даа. Энэ эм, тарианууд чинь монгол хүний дархлааг сайжруулж байгаа юу, муутгаж байгаа юу, би ойлгохгүй л байгаа. Уг нь монголчуудад Оросын тэр тусмаа алс дорнодын нутагшсан эм, тарианууд их зохидог байлаа. Цөөн хэдэн эм, тариагаар л биднийг эмчилж байлаа. Биомецин, сентомецин, улаан цагаан стрептоцид, норсульфазол, даралтны дөрвөн найрлагатай эм, аналгин гэсэн гарын арван хуруунд багтахаар эм, тариагаар бид өвчнөө илааршуулж өдий хүртэл наслаж явна. Сүүлийн үед тэр бүх эмийг хэрэггүй гээд хасаад хаячихсан. Оронд нь олон улсын сүлжээний эм, тариа түлхүү орж ирэх шив дээ. Энэ бүхний дотор монгол хүний дархлаа сайжруулчихдаг эм, тариа тун ховор байгаа байх гэж бодож явдаг юм.

  1. Гадны хүмүүс монгол хүмүүсийг гайхдаг гэсэн. Ийм олон зуун төрлийн эмийн ургамал ургадаг нутагт амьдраад дан эмийн ургамал идэж байгаа малын мах, сүүгээ хэрэглээд өвчин олноо гэхэд гайхаад байдаг гэсэн. Тэр ховор өвс ургамал, мал, ан амьтны үнэт зүйлсийг гадаадад гаргах гээд баригдлаа л гэх юм. Энэ олон эрдэмтэн мэргэд лам хуваргууд нь дотооддоо боловсруулаад ямар ч ид шидтэй зүйл хийж болмоор санагддаг. Манай говьд ургадаг хөмүүл таана, тэмээнэ хөх зэргийг төгс сайн судалж дархлаа дэмжих эм, тариа хийсэн эрдэмтэн мэргэд байдаг юм уу. Би л сонсоогүй юм байна. Миний танил мал зүйч Д.Бадарч гэж хүн бий. Насаараа говь тал нутгийн дархлаа тэтгэх хэдэн ургамлыг судалж хөөцөлдөж яваа хүн. Эрдэм шинжилгээний өгүүлэл, ном товхимол олныг гаргасан. Тийм хүнийг Монголын төр, шинжлэх ухааны байгууллагууд огт хайхардаггүй юм билээ. Дархлаа тэтгэнэ гэж гадаадаас ус ургамал, эм тан оруулж ирж байхын оронд Д.Бадарч зэрэг жирийн хүмүүсийн бүтээл туурвилыг дэмжвэл Монголд байтугай дэлхийд хэрэгтэй зүйл гарахыг байг гэх газаргүй л болов уу.
  2. Миний харж байгаагаар монгол хүний дархлаа сулруулах гол зүйл нь архи. Тэгтэл Монголын төр, засаг энэ архи мансууруулах бодисонд даанч санаа тавихгүй юм даа. Хатуу хууль гаргаад хуних хэрэгтэй шүү дээ. Тэгтэл архины үйлдвэр, худалдаа, баар ресторануудын ард дандаа сайд дарга нар байдаг. Тэд орлогоо л бодно. Монгол хүн архи, хар тамхинд донтоод үхэж байна уу, сэхэж байна уу падлийгүй. Та нар хардаа.

Архины хатуу хууль гаргах гэхээр шагийн архи дэлгэрнэ, болохгүй гэж танил талаараа бичүүлнэ, яриулна. Тэгээд л архин далайд живүүлж, залуу хойч үеийхнээ дархлаагүй болгож байгаа юм. Байгалийн эрс тэс уур амьсгалдаа зохицсон монгол хүний дархлаа нь гайхамшигтай зүйл байхгүй юу. Үүнийг  бид эцэг дээдсийнхээ амьсгалж, үнэрлэж, идэж ууж, өмсөж зүүж, шүтэж дээдэлж ирсэн бүхнээр л хадгалж үлдэнэ гэж боддог.

SHARE