Сэрэмжлүүлэг: Худлаа мэдээлэл тараавал Эрүүгийн хуулийн шийтгэлтэй

 

Машид болгоомжтой, сэрэмжтэй байхгүй бол болохооргүй өдрүүд үргэлжилж байна. Дэлхий нийтийн хамарсан короновирус (COVID-19) халдвар Монголд илэрч, манай улс улаан тэмдэгтэй болчихоод байгаа юм.

Муу хүн самбаанд, чоно борооноор гэдэг шиг энэ тахалтай холбоотой мэдээлэлд өөрийн өрсөлдөгч, эсвэл таарамжгүй хүмүүсээ холбогдуулан мэдээлэл бэлтгэж, бусад түгээн хувийн болон ажил хэргийн нэр хүндэд халдсан явдлууд нэлээд гарч байгаа аж. Тэдгээр нь улс төр, бизнес, хууль шүүхийн байгууллагын хүмүүсийн ч оролцоотой хийгдээд байгаа талаарх баримт сэлт бүхий ноцтой мэдээллүүд ирж байна.

Гэтэл энэ нь хууль бус бөгөөд Эрүүгийн хуулийн ял шийтгэлтэй юм байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн Худал мэдээлэл тараах хэмээх 13.14 дүгээр зүйлд “…Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.

Ингэхээр улс төрийн, хувийн ашиг сонирхлын үүднээс бусдын нэр хүндэд халдсан худлаа мэдээлэл тараахаас хүмүүс, ялангуяа цахим сүлжээ хэрэглэгчид болгоомжлоход илүүдэхгүй ажээ.

Б.Очир

 

SHARE