Хувьцаа арилжаалагдаж эхлэх үед шилжүүлэх эрх үүснэ

“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгохоор болж, нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлж буй юм. Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай хүн 96.780 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг эзэмшдэг 2.8 сая иргэн бий. Үүнд нас барагсад ч багтдаг бөгөөд нас барсан иргэний хувьцааг өв залгамжлагч нь авах эрх үүслээ” гэх энэ мэдээлэл коронавиурсыг ч дарангуйлсан хамгийн сайхан мэдээ байв.

Сонсоход сонсголонтой, сайхан мэдээ ч иргэдийг төөрөгдүүлсэн бололтой. Редакцийн утас үдээс хойш бараг л тасралтгүй дуугарч нэг л зүйлийг асуух аж. Тэр нь өвлөх эрхийн гэрчилгээ, өв залгамжлалын гэрчилгээ гэх зүйл.

“Баячуулд, хэсэг бүлэг нөхдөд байдаг байж магадгүй. Нийт монголчуудад ийм зүйл байдаг эсэх талаар үнэндээ мэдэхгүй юм” гэж бухимдагсад ч нэлээд байсан юм. Тиймээс “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдоржийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр “2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос хойш нас барсан хүмүүст 1072 ширхэг хувьцаа, 2011-2012 оны дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэлх хугацаанд нас барсан бол 536 ширхэг хувьцааны өв залгамжлал гэдэг зүйл яригдана. Гэхдээ хувьцаа нээлттэй болсон үед үр хүүхэд нь, гэр бүлийн гишүүн нь очиж бүртгүүлэх шаардлагатай. Одоо хувьцаа амилаагүй, хаалттай байгаа болохоор өв залгамжлах эрх нээгдээгүй байгаа. Монголын хөрөнгийн зах зээлд манай хувьцаа арилжаалагдаад эхэлсэн үед нас барсан иргэний хувьцааг шилжүүлэх эрх үүснэ. Тэр үед нас барсан хүний хань ижил, үр хүүхэд нь тухайн иргэний нас барсан гэрчилгээ, болон холбогдох материалыг бүрдүүлж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд өгснөөр ногдол ашгийг шилжүүлэн авах эрхтэй болно. Хувьцаа нээлттэй болсон өдрөөс эхлэн шаардлагатай материалуудыг зарлаж, мэдээлэх болно” гэжээ.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьд Засгийн газрын 2011 оны 116-р тогтоолоор Хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж эхлэх хүртэлх хугацаанд бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг байна.

SHARE