БНХАУ-д коронавирусаар халдварласан 132 хүн нас баржээ

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр тус улсад хатгаа үүсгэгч “2019-nCoV” коронавирусээр халдварласан хүний тоо 5974-т хүрч, 132 хүн нас баржээ.

Халдвар авсан 1239 хүний биеийн байдал хүнд байгаа ажээ. Карантинд тусгаарласан хүн 60 мянгад хүрсэн байна.

Халдварлагсдын 50 гаруй хувь буюу 3.5 мянга нь Хубэй мужид бүртгэгджээ. Энэ үзүүлэлтээр тус мужийн дараа Гуандун (207), Хэнан (206), Жэцян (173), Хунан (143) болон Чунцин (132) мужууд орж байгаа аж. Одоогоор БНХАУ-д зөвхөн Түвдийн өөртөө засах оронд коронвирусаар халдварласан хүн илрээгүй байна.

“2019-nCoV” коронавирус мөн хатгаа үүсгэгч 2002 оны “SARS”-аас хурдтай тархах болжээ. Зургаан сарын дотор “SARS”-ын вирусаар 5 327 хүн халдварлаж, 349 нас барсан билээ.

Б.Төгсөө

SHARE