Клопп: Фанатууд маань хүссэнээ л дуулаг!

Английн Премьер лигийн 23 дугаар тойрогт магнайд тасархай яваа “Ливерпүүл” талбайдаа “Манчестер Юнайтед”-ыг хүлээн авч, 2:0-ээр хожлоо. Энэ тойрогт Ливерпүүлийн багийн ар дээр яваа “Лестер” болон “Манчестер Сити” оноо алдсанаар Юрген Клоппын баг ойрын өрсөлдөгчөөсөө 16 оноогоор холдож, цаашид зам урт, тойрог олон ч гэсэн гүйцэгдэнэ гэхэд итгэмгүй хол тасарч чадсан юм. Тиймээс ч “Ливерпүүл”-ийн фанатууд тоглолт дуусаагүй байхад стадиондоо “Бид аварга болно!” хэмээн дуулсан явдлын талаар герман мэргэжилтэн бодлоо хэлжээ.

“Фанатууд маань хүссэнээ л дуулаг! Миний нэрнээс бусад бүгдийг дуулж болно. Юу дуулах, дуулахгүйг нь би заахгүй. Манай фанатууд одоо л баяр жаргалтай байхгүй юм бол хэзээ баяртай байх билээ. Баярлахгүй бол хачин юм болно биз дээ.

Миний хувьд бол энд ажлаа л бодож яваа хүн. Тэгээд л болоо. Мэдээж, баярлаж хөөрсөн энэ орчинд би ажилдаа анхаарлаа урьдын адил хандуулж байх ёстой.

Одоо пүрэв гаригт бид “Вулвэрхэмптон”-той тулна. Энэ тоглолтыг л би тархиндаа тээж явах учиртай. Өөр юу ч бодохгүй. Фанатуудын хувьд бол хүссэнээ дуулж, мөрөөдөж болох нь ойлгомжтой. Биднийг дэмжиж байх, дэмжлэг мэдрэх сайхан. Тэгэхээр бид одоохондоо фанатуудынхаа баярт нэгдэж чадахгүй нь. Гэвч энэ нэг их чухал асуудал биш ээ” гэж Клопп өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE