Моуриньо: Би Дайерын сэтгэлийг шархлуулах гээгүй…

Аваргуудын лигийн “Тоттенхэм”-“Олимпиакос”-ын тоглолтын эхэнд талбайн эзэд 0:2-оор хожигдож байлаа. Энэ үед буюу 29 дэх минутад Хойд Лондоны багийн шинэ дасгалжуулагч Жозе Моуриньо хагас хамгаалагч Эрик Дайерыг суулгаж, Кристиан Эриксенийг гаргасан. Хөлбөмбөгт сэлгээ энгийн үзэгдэл боловч нэгдүгээр үеийн дундуур гэмтээгүй тоглогчийг суулгах нь ховор явдал. Тиймээс ч Моуриньо тоглолтын дараагаар уучлалт гуйжээ.

“Эхний үед хоёр гоол алдаж, сэлгээ хийх тэр мөч л хамгийн хэцүү агшин байлаа. Ийм эрт сууж буй тоглогчид ч, надад ч сэтгэл хөндүүрлэм явдал болсон. Би ингэдэггүй хүн. Ингэж байсан удаагүй. Гэхдээ багийнхаа төлөө юу ч хийж болохыг ойлгодог ухаалаг залууг суулгасан минь азтай. Дайерын тоглолт муу байсанд ч бус багт өөр тоглогч хэрэгтэй болсонд л хэргийн учир байлаа.

Бид 0:2-оор хожигдож явахад хамгаалах чиглэлийн нэг л хагас хамгаалагч байхад хангалттай гэж үзсэн юм. Деле Аллитай хамтраад тоглочих бүтээлч тоглогч шаардагдсан. Үүнийг би нээлттэй гурвалжин тоглох гэдэг юм л даа. Харин хамгаалах чиглэлийн хагастайг бол хаалтай гурвалжин гэж хэлдэг.

Эрикээс уучлалт гуйя. Гэхдээ багийн төлөө л тийм шийдвэр гаргасныг тэр ойлгож байгаа. Тэрнээс түүнийг гоочилж, сэтгэлийг нь шархлуулах гээгүй. Үүнийг фанатууд ч ойлгох байх гэж найдья” хэмээн Моуриньо өгүүлжээ.


Тоттенхэм Англи – Олимпиакос Грек 4:2
Гоол: Эль-Араби 6, Рубен Семедо 19, Деле Алли 45, Кейн 50, 77, Орье 73
Тоттенхэм: Гассанига, Орье, Санчес, Алдервейрелд, Роуз, Уинкс, Дайер (Эриксен, 29), Лукас Моура (Сиссоко, 61), Алли (Ндомбеле, 83), Сон, Кейн.
Олимпиакос: Жозе Са, Эльабделлауи, Рубен Семедо, Мерья, Цимикас, Камара, Гильерме, Бухалакис (Вальбуэна, 74), Поденсе (Ранжелович, 79), Эль-Араби (Герреро, 85), Масурас.
Шар хуудас: Рубен Семедо (39), Алдервейрелд (61), Бухалакис (68), Цимикас (71), Поденсе (75).

News1.mn Р.Гэгээ

SHARE