“Брешиа”-гийн эзэн: Балотелли хар арьстай хэрнээ цайрах гэх юм…

Италийн “Брешиа”-гийн эзэн Массимо Челлиногийн багийнхаа довтлогч Марио Балотеллигийн тухай хэлсэн үгс дэлхийн хэвлэлүүдээр тарж, шуугиан дэгдээгээд байна. Арьс өнгөөр ялгаварлан доромжлох явдлын эсрэг дэлхий даяар, ялангуяа спортод тэр дундаа хөлбөмбөгт том тэмцэл өрнөөд буй энэ үед эдгээр үгс яриа дагуулахгүй байхын аргагүй ажээ.

“Брешиа”-“Верона”-гийн тоглолтын үеэр Балоттелиг өрсөлдөгч багийн фанатууд элдвээр гоочилсон гэнэ. Үүний хариуд гана гаралтай өнгөт арьстай залуу хилэгнэсэндээ бөмбөг тэдэн рүү өшиглөж орхижээ. Болсон явдлын талаар “Брешиа”-гийн эзнээс тодруулга авах гэхэд “Балотеллигийн тухай асуугаад байна уу? Юу болоод байна вэ гэж үү? Тэр хар арьстай уг нь. Тэгсэн хэрнээ цайрах гээд хичээгээд байхаар л хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа юм. Түүнийг манай багт чанар нэмнэ гэж л гэрээ байгуулсан. Балотелли олон нийтийн сүлжээнд бус харин талбай дээр өөрийгөө харуулбал сайн байна. Гэхдээ “Брешиа”-гийн муу тоглолтын бүх гэмийг түүнд үүрүүлж, золионд хаяж болохгүй” хэмээн Челлино өгүүлжээ.

Энэ үгсийн дараагаар “Брешиа”-гаас албан ёсны мэдэгдэл гаргаж, клубынхээ эзнийг наргиа хийснийг хүндээр хүлээж авахгүй байхыг хүссэн байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE