Гонкурын шагналыг зохиолч Жан-Поль Дюбуад олгов

Францын утга зохиолын хамгийн нэр хүнд бүхий Гонкурын шагналыг энэ жил “Дэлхийн оршин суугчид бүгд адилхан амьдардаггүй” (“Tous les hommes n’habitent pas le monde de la même façon”) роман бичсэн зохиолч Жан-Поль Дюбуад олгожээ.

Ажил хөдөлмөрийн гараагаа сэтгүүлчээр эхэлсэн Тулуз хотын уугуул тэрээр өдгөө 69 настай аж. “Дэлхийн оршин суугчид бүгд адилхан амьдардаггүй” ном түүний 16 дахь роман бөгөөд Канадын Монреаль хотын шоронд хоригдсон эр туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн дурсдаг тухай өгүүлдэг ажээ.

Жан-Поль Дюбуа шагнал авсан тухайгаа Парисийн нэгэн кафед сууж байхдаа мэдсэн ба тэнд сэтгүүлчидтэй ярилцахдаа, “Гонкурын шагнал авсан тухай мэдээг саяхан санаандгүй дууллаа. Энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэн нь миний цаашдын уран бүтээлд нөлөөлөхгүй. Энэ өглөө ямар байсан, түүн шигээ л үлдэнэ гэдгээ амлая” гэж инээмсэглэн өгүүлжээ.

Уран бүтээлээ франц хэлээр туурвидаг зохиолчдод олгодог энэ шагналыг 1903 онд ах дүү зохиолч Эдмон, Жюль де Гонкур нар анх санаачилсан билээ.

Б.Төгсөө

 

SHARE