Тебас: Гризманныг авсан “Барселона”-гийн наймааны асуудлыг хянаж шалгана

Испанийн Ла лигийн ерөнхийлөгч Хавьер Тебас “Атлетико Мадрид”-аас гомдол албан бичгээр хүлээн авснаа мэдэгдээд, Антуан Гризманныг худалдан авсан “Барселона”-гийн наймааны асуудлыг хянаж үзэхээ зарлалаа.

“Атлетико Мадрид”-ын удирдлагын гомдолд өгүүлснээр бол “Барселона” өнгөрсөн гуравдугаар сард Антуан Гризманнтай аман тохиролцоо хийчихсэн гэж үзэж буй юм. Франц довтлогчийн Мадридын багтай байгуулсан гэрээнд долоодугаар сарын 1-нээс зарах босго үнэ нь 200 сая еврогоос 120 сая евро болж буурах байсан. Тиймээс хэрвээ “Барселона” гуравдугаар сард тохирсон бол 120 сая евро биш 200 сая евро төлөх нь зүй гэж Мадридын баг үзэж буй ажээ.

“”Атлетико Мадрид” Антуан Гризманны наймааны асуудлыг хянуулахаар албан ёсны гомдлоо гаргасан. Бидэнд энэ наймааг цуцлах эрх бий. Үүнийг хоёр талтай харилцан ярилцаж, хянаж үзэх ёстой.

Гризманныг худалдан авахдаа “Барселона” дүрэм журмыг зөрчсөн эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Харин “Атлетико Мадрид” өөрийн эрх ашгаа хамгаалах бүрэн эрхтэй. Энэ маргаанд нарийн асуудлууд яригдах, шалгагдах учраас хэдхэн хоногийн дотор шийдэх боломжгүй. Ямартай ч хоёр клубын маргаантай энэ асуудлыг Лигийн удирдлага шийдэх болно” хэмээн Тебас мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE