“Цэвэрхэн наадацгаая” аяныхан 100 тонн хог цэвэрлэжээ

“Цэвэрхэн наадацгаая” аяныг БОАЖЯ-аас энэ жил хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү аян хүрээгээ улам бүр тэлж, олны танил эрхмүүд, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагчид наадамчин олонд хандлагаа өөрчилж, цэвэрхэн наадах уриалга дэвшүүлэн ажиллаж байна.

Мөн наадмын өдрүүдэд тус аяны хүрээнд 200 оюутан Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Горхи-Тэрэлжид ажиллаж 11 мянган хогийн уут тарааж, 100 орчим тонн хог түүжээ.

Тодруулбал, Горхи-Тэрэлжээс 46 тонн, Туул голоос 41 тонн, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгаас 10 орчим хог цэвэрлэсэн байна. Өнгөрсөн жил тус аяны хүрээнд мөн л 200 залуу 30 гаруй тонн хог цэвэрлэж байсан юм.

“Цэвэрхэн наадацгаая” аяныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, 21 аймгийн ЗДТГ, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Монгол наадам цогцолбор, АПУ, Юнител, LADA Mongolia компани, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, Хоггүй Монгол ТББ зэрэг олон байгууллага дэмжин ажиллажээ.

Дашрамд дурдахад, БОАЖЯ-аас “Цэвэрхэн наадацгаая” аяныг үргэлжлүүлэн Хоггүй Монгол аяныг жилийн турш зохиохоор болсон юм.

SHARE