Райола: Погба юу хүсч буйг бүгд л мэдэж байгаа

26 настай франц хагас хамгаалагч Поль Погбагийн зуны амралт дуусаагүй байна. Харин Английн “Манчестер Юнайтед”-ынхны хувьд зуны амралт дуусч, долдугаар сарын 1-нээс шинэ улирлын өмнөх бэлтгэлдээ гарсан.

Поль Погбаг Испанийн “Реал Мадрид” юмуу эсвэл Италийн “Ювентус”-т очих тухай яриа зунжингаа гарсан. Тэгвэл түүний агент Мино Райола энэ сэдвээр ийн өгүүлжээ.

“Ахлах дасгалжуулагчаас өгсүүлээд клубын эзэн хүртэл бүгдээрээ Погбагийн юу хүсч буйг мэдэж байгаа. Поль явахад бэлэн байгаа гэдгийг бүгд мэднэ. Тиймээс ч энэ тал дээр бид анхааран ажиллаж байна. Үүнээс өөр зүйл би та бүхэнд одоогоор хэлж чадахгүй. Би ирээдүйг олон сар жилээр бус зөвхөн маргаашаар л харж ажилладаг” хэмээн Мино Райола өгүүлжээ.

“Манчестер Юнайтед”-ынхан энэ ням гаригт Австрали руу бэлтгэл тоглолт хийхээр нисэх болно. Үүнээс өмнө Погбаг багтаа нэгдэнэ гэж найдаж буй ажээ. Түүнийг  “Улаан чөтгөрүүд” 130 сая паундаас доогуур үнээр зарахгүй гэсэн байр суурь баримталж буй гэдэг.

News1.mn Р.Гэгээ

SHARE