Том Круз-Жастин Бибер хамгийн өндөр ханштай тулаан хийх боломжтой

UFC-гийн ерөнхийлөгч Дэйн Уайт жүжигчин Том Круз болон дуучин Жастин Биберийн тулааныг хийх бодит боломж бий гэж мэдэгдлээ.

Эхлээд Жастин Бибер олон нийтийн сүлжээгээр Том Крузыг өдөж, октагонд тулахыг хүсч буйгаа илэрхийлсэн. Харин хариуд нь Том Круз ямар ч реакц үзүүлээгүй юм. Удалгүй Жастин Бибер тулаанд дуудсан жиргээгээ цайруулж, “Зүгээр нэг саваагүй жиргээ байсан юм аа. Хааяа би тэгдэг юм. Круз тэгээд ч намайг зад өшиглөх байлгүй. Түүнд эцгийн хүч бий” хэмээн тулаанаас татгалзаж буй утгатай үгс бичсэн.

Тэгвэл UFC-гийн ерөнхийлөгч Дэйн Уайт энэ талаар бодлоо хэлжээ.

“Хачин сонин зүйл болсоор байна гэж хэлье. Энэ тулааныг зохион байгуулах боломж бий. Хэрвээ тэд үнэхээр тулаан хийхээр шийдвэл түүхэн дэх хамгийн өндөр ханштай тулаан болох биз. Ямартай ч тэдний тулааныг шууд дамжуулах хүсэлт маш олноор ирж, асар үнэтэй зарагдах боломжтой” гэж Дэйн Уайт өгүүлжээ.

Одоогоор Флойд Мейвезер-Конор Макгрегорын  2017 онд хийсэн тулаан хамгийн үнэтэйд тооцогдож байгаа билээ. Тухайн тулаанаас Макгрегор 100 гаруй сая, харин Мэйвезер 300 сая ам.доллар хүртсэн юм.

Харин UFC-гийн түүхэн дэх хамгийн өндөр ханштай тулаан бол Конор Макгрегор-Хабиб Нурмагомедовын тулаан болсон. Ирланд тулаанч ялагдсан ч гэсэн 3 сая ам.доллар хүртсэн бол Хабиб 2 сая ам.доллар авсан. Мөн үүн дээр давхар нэмэлт орлого ч байсан гэдэг.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE