Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцууллаа

НОСК-аас түрээсийн орон сууцны журмын төслийг танилцууллаа. Уг төслөөр дээрх орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулжээ.

 

Зээлийг дараах бүлгийн хүмүүс хамрагдах боломжтой.

  • залуу гэр бүл,
  • төрийн албан хаагч,
  • хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
  • 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
  • өрх толгойлсон эцэг, эх,
  • өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,
  • гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгоно гэж байна.

“Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэсэн иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна. Харин “газар чөлөөлөлт” гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг зохих хууль, журмын дагуу хамруулна гэж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж, “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцжээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна.

Энэ асуудлыг өнөөдөр НИТХ-аар хэлэлцэж журмыг батлах юм.

 

Эх сурвалж: news1.mn

SHARE