Месси: Ийм хэсгээс шалгарахгүй байна гэдэг галзуурал

Америкийн цомын хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдаж байна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн алдрыг таван удаа хүртсэн Аргентины нэрт довтлогч Лионель Месси шигшээ багаа ахлан энэ тэмцээнд хоёр тоглолт хийлээ. Эхний тоглолтод Колумбын шигшээд 0:2-оор хожигдсон бол дараа нь Парагвайтай 1:1-ээр тэнцлээ. Тус тоглолтод Лионель Месси пенальтиас тоог тэнцүүлсэн юм. Хэсгийн сүүлчийн өрсөлдөгч нь Ази тивийн аварга Катарын шигшээ байх болно. Хожиж байж Аргентины шигшээ хэсгээсээ шалгарах учиртай. Месси энэ талаар ийн өгүүлжээ.

“Манай багийнхан дараагийн тоглолтод хожно гэдэгтээ итгэлтэй байгааг би харж байна. Бид илүү сайжирч, илүү сайн тоглох ёстой. Үнэнээ хэлэхэд, хожил авч чадаагүйдээ бага зэрэг гомдолтой байна. Хожиж байж л хэсгээсээ шалгарна шүү дээ.

Хүнд тоглолт болно гэдгийг бид мэдэж байсан. Одоо ч гэсэн бид гарааны бүрэлдэхүүнийнхээ хамгийн зөв хувилбарыг хайсаар байгаа. Мөн тоглолтоо илүү сайжруулахыг хичээж байна.

Эхний хэдэн минутад бөмбөг сайн эзэмшсэн ч өрсөлдөгч гоол оруулсны дараагаар түр хугацаанд уналтад орлоо. Хоёрдугаар үед бүх хүчээ шавхаж, тоог тэнцүүллээ.

Бид хожиж болох байсан болохоор үр дүнд сэтгэл дундуур үлдлээ. Өнөөдрийн тоглолт маш чухал гэдгийг бид мэдэж байсан. Одоо дараагийн тоглолтод гарцаагүй хожих ёстойгоо ойлгож байгаа.

Энэ бол бидний хувьд амьдралын төлөөх тоглолт болно. Хэсгээс гурван баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах боломж байхад бид шалгарч чадахгүй байна гэдэг бол галзуурал. Хожиж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна” хэмээн Месси өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE