“Нүүргүй эмэгтэй” хэмээх цуврал алуурчны оньсогыг 15 жилийн дараа тайлжээ

Герман, Австри, Францад хүн амины хэргүүд ээлж дараалан гарч, хэргийн газар хурууны хээ, ямар ч ул мөр үлдээдэггүй оньсого шиг цуврал алуурчныг 15 жилийн турш цагдаа нар эрэн сурвалжилж, мөрдөн мөшгисөн ч олж чадаагүй ажээ.

Алуурчнаас хэргийн газар дээр үлддэг ганц зүйл нь түүний ДНК. Өөр ямар ч үл мөргүй. Зөвхөн ДНК-гаар гэмт хэрэгтнийг илрүүлэх боломж хомс тул цагдаа нар ажилласаар эцэстээ аргаа барж, “Хий үзэгдэл” хэмээн нэрлэх болжээ.

Хэрэг анх 1993 оны тавдугаар сарын 23-наас эхэлсэн байна. Германы Идар-Оберштайн хотын 62 настай Лизелотта Шленгер хэмээх эмэгтэй гэртээ амттай сайхан цай чаначихаад хөршөө дуудаж хамтдаа ярьж суухаар болжээ. Хэдэн хормын дараагаар хөрш эмэгтэй хаалгыг нь цохитол Шленгер таг чиг. Хаалга цохиж, дуудсан ч хариулахгүй байсан тул сэжигтэй санагдан цагдаа дууджээ.

Цагдаа ирж, хаалгыг онгойлгон ороход Шленгерийн цогцос зочны өрөөндөө хэвтэж байж. Цайны аягаа ширээн дээрээ тавьсны зэрэгцээ ширээн дээр мөн цэцэг байна гэнэ. Алуурчнаас айлгүйгээр өөрөө хаалгаа тайлж оруулсан байна гэж цагдаа нар таамаглажээ. Тэгэхээр танил нь байх магадлал өндөр. Цэцгийн баглааг боосон үдээс шиг уяагаар Шленгерийн хоолойг боомилж хөнөөж. Цагдаа нар хэргийн газар дээр хангалттай олон цаг ажилласан ч ДНК-гаас өөр ямар ч ул мөр олсонгүй. Дараа нь талийгаачийн танил гэх бүх хүнийг шалгасан ч баримт нотолгоо байдаггүй.

Ингээд хэрэг мухардалд оржээ. Гэтэл найман жилийн дараагаар буюу 2001 онд Германы Фрайбург-им-Брайсгау хотын 61 настай Йозеф Вальценбахыг эртний эдлэлийн дэлгүүрт нь хөнөөсөн хэрэг гарлаа. Алуурчин талийгаачид биед байсан бага хэмжээний мөнгийг авч одсон нь тогтоогджээ. Гарахдаа дэлгүүрийн хаалганд “Хаалттай” гэх бичиг өлгөчихөөд явчихаж.

Талийгаачийн цогцос, хаалганы бариул, “Хаалттай” гэх бичгийн үзүүр дээрээс хурууны хээ олдсонгүй. Харин ДНК олдсон нь Лизелотта Шленгерийн гэрээс олдсонтой яв цав тохирсон байна. Алуурчин бээлийтэй, маш цэвэрхэн ажилласан тул мэргэжлийн хүн гэж цагдаа нар тооцжээ. Үүнээс өөр сэжүүр огт байсангүй.

“Тэр ДНК-г олоод бид их гайхсан. ДНК-гийн шинжилгээгээр бол алуурчин эмэгтэй хүн гэдэг нь тодорхой. Бүр нарийвчилбал шаргал үстэй, цэнхэр нүдтэй байх магадлалтай. Гэхдээ үүнд 100 хувь найдах бас хэрэггүй. Ямартай ч бидний өмнө хүн амины хоёр хэрэг, нэг ДНК байв. Алуурчин бага хэмжээний мөнгө л авдаг. Хаалга эвдэж ордоггүй. Өөр онцгой сэжүүр байгаагүй” хэмээн прокурор Юрген Брауэр өгүүлэв.

Үүнээс хойш алуурчны сураг тасраад дахиад зургаан жил өнгөрөв. Гэтэл 2007 онд Германы Хайльборн хотноо 22 настай цагдаагийн ажилтан эмэгтэй Мишель Кизеветтер бусдын гарт амиа алдсан дуулиантай хэрэг гарлаа. Хар тамхины хэрэг дээр ажилладаг элит цагдаагийн хэсгийн ажилтан Кизеветтерийг хамтрагчийнх нь хамт авто зогсоол дээр бууджээ. Кизеветтер газар дээрээ нас барсан бол цагдаагийн хамтрагч нь хүнд шархтайгаар эмнэлэгт олон сар хэвтснийхээ дараагаар юу болсныг огт санасангүй. Алуурчид хэргийн газраас цагдаагийн гавыг л авснаас өөр юу ч авсангүй.

Алуурчны ДНК автомашины арын суудал дээрээс олдоход өнөөх “Хий үзэгдэл”-ийнх байлаа. Ахимаг насны хүмүүсийг бага хэмжээний мөнгөний төлөө хөнөөсөн хэргийн газраас илэрсэн ДНК одоо цагдаагийн ажилтныг хөнөөсөн газраас илэрсэн нь энэ. Алуурчныг ийм алхам хийж чадна гэж цагдаа нар төсөөлөө ч үгүй байж.

Мэргэжил нэгтнээ хөнөөлгөсөн цагдаа нар далайцтай шуурхай ажиллаж эхэллээ. Алуурчныг олж илрүүлэх нь тэдний хувьд одоо нэр төрийн хэрэг болжээ. “Хий үзэгдэл”-ийн үйлдсэн байж болох бүх хэргүүдийг хөөн шалгатал сүүлийн 15 жилийн хугацаанд түүний ДНК хэдэн арван хэргийн газар дээрээс илэрснийг олж тогтоов. Одоо түүнийг “Цуврал алуурчин” гэж зүй ёсоор тодорхойлж эхэллээ.

Хамгийн жигтэй нь алуурчин ямар ч ул мөр үлдээддэггүй, магадгүй түүнтэй хамтран хэрэг үйлдсэн байж болох хүмүүс ч түүний тухай нэг ч үг дуугарахгүй байж. Хэн ч түүнийг хараагүй тул “Нүүргүй эмэгтэй” гэж онцгойлон нэрлэх болсон байна.

2001 онд Германы Герольштайн хотын хүүхдийн цэцэрлэгт хаясан шприц дээр нэг хүүхэд гишгэж, хөлөө шархлуулжээ. Ээж нь хүүг дагуулан эмнэлэгт очсноор шприц дээр хар тамхины үлдэгдэл бага зэрэг байгааг шинжээч тогтоосны зэрэгцээ өнөөх “нүүргүй эмэгтэй”-н ДНК илрэв. Цагдаа нар түүнийг хар тамхинд донтогч гэж таамаглахад хүрчээ. Үүнээс хоёр долоо хоногийн дараагаар Майнц хотын нэгэн дүүрэгт орших чингэлгийг эвдсэн хэргийн газар дээрээс хазаад орхисон жигнэмэг дээрээс “нүүргүй эмэгтэй”-н шүдний хэв болон шүлсийг илрүүлсэн байна. Энэ мэтээр дурьдаад байвал олон хэргийн газраас ДНК нь гарна. Гэхдээ “нүүргүй эмэгтэй”-н нүүрийг хэн ч харж чадаагүй хэвээр. Түүний ДНК 40 орчим хэргийн газраас илэрсэн ч нэг ч гэрчгүй…Сүүлдээ бүр Франц, Австриас хүртэл илэрлээ.

Цагдаа нар алуурчныг орон гэргүй, тэнүүлч байж магадгүй гэж таав. Заримдаа түүний хэргийг харахад мөнгөгүйдсэндээ хийсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хар тамхичин байлаа гэхэд хэргийн газар тийм цэвэрхэн ажиллаж чадаж байгаа нь гайхалтай. 15 жилийн турш 40 орчим хэрэг хийхдээ нэг ч алдаа гаргаагүй байдаг.

2008 оны намар гэхэд “Нүүргүй эмэгтэй”-г илрүүлэх ажилд цагдаа нар 14 мянган цаг, 18 сая евро зарцуулсан гэх тооцоо гарчээ. Цагдаа нар 3000 мянга гаруй орон гэргүй иргэдийг шалгаж, ДНК-г шинжилсэн ч “нүүргүй эмэгтэй”-г барьж чадсангүй.Сүүлдээ бүр зөн билэгтэнд 300 мянган евро төлсөн ч амжилтад хүрсэнгүй.

Эцэстээ мөрдөгчид хэргийг өөр өнцгөөс харж үзэхээр шийджээ. Магадгүй “нүүргүй эмэгтэй” хэргийн газар санаандгүйгээр таарсан байж болох хувилбарыг судалж үзэв. Сүүлдээ ДНК-гийн шинжилгээ авч буй эд хэрэгслүүдийг нягталжээ.

Гэтэл цагдаа нар Бавари мужийн Тиссау хотын эмийн фирмийн хөвөн савхаар ДНК-гийн шинжилгээгээ дандаа авдгийг анзаарав. Хоёр давхар уутанд хийдэг болохоор энэ хөвөн савхыг л хамгийн цэвэр гэж цагдаа нар боддог байж.

Тиссау хотын фирмээс ч бүтээгдэхүүнээ үргэлж цэвэр, ямар ч асуудалгүй байдгийг батлах гэж хэвлэлийн хурал хийлгэв. Гэхдээ ийм бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн шинжилгээнд тохирохоос биш ДНК-гийн шинжилгээнд хэрэглэх боломжгүйг дурьджээ.

Ингэснээр хэргийн сэжүүр гарлаа. Одоо “Нүүргүй эмэгтэй” Тиссау хотын эмийн фирмийн ажилтан байж болохоор болжээ. Ингээд бүгдээс нь ДНК-гийн шинжилгээ авав.

2009 оны дөрөвдүгээр сард “Нүүргүй эмэгтэй”-г илрүүллээ. Тэр бол 71 настай польш эмгэн. Олон жилийн турш Тиссаугийн фирмэд хөвөн савх савладаг ажлыг гардан хийжээ. Өөрөөр хэлбэл, хөвөн савх савлахдаа өөрийнхөө ДНК-г үлдчихээд байсан хэрэг. Тэр савхаар ДНК-гийн шинжилгээ авахаар “Нүүргүй эмэгтэй” бий болчихоод байж.

Өөрийгөө хичнээн жилийн турш ямар аймшигтай гэмт хэргүүдэд сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж, “нүүргүй эмэгтэй” гэх алдартай цуврал алуурчинд тооцогдож байснаа мэдээд эмгэн ихэд цочирджээ.

“Энэ бол үнэхээр гутамшигтай түүх” гэж цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч тодорхойлсон байна.

Харин “нүүргүй эмэгтэй”-н үйлдсэн гэх олон гэмт хэргийг одоо хүртэл илрүүлээгүй гэнэ. Цагдаагийн ажилтан Мишель Кизеветтерийг хөнөөсөн алуурчныг бол 2012 онд илрүүлсэн юм билээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

 

SHARE