Йоель Ромеро допингийн найрлагатай тэжээл өгсөн компаниас 27.5 сая ам.доллар авахаар боллоо

Чөлөөт бөхийн олимпийн мөнгө, дэлхийн алтан медальт, хожмоо мэргэжлийн тулаанч болсон Кубын 42 настай тамирчин Йоель Ромерод Gold Star Performance Products компани 27.5 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг шүүхээс гаргажээ.

2016 онд Ромерогийн сорьцноос допингт хамаардаг ибутаморен бодис илэрсэн юм. Тухайн үед тамирчныг хоёр жилийн хугацаагаар тэмцээнд оролцох эрхийг хасах гэсэн ч санаатайгаар хэрэглээгүй гэдгээ нотолж чадсан юм. Ингээд түүнийг зургаан сараар тэмцээнд оролцохыг хориглосон.

2018 оны нэгдүгээр сард Ромеро тамирчдын хоол тэжээлийг бэлтгэдэг Gold Star Performance Products компанийг шүүхэд өгч, жил гаруй заргалдсны эцэст дээрх шийдвэрийг гаргажээ.

Гэхдээ тамирчны менежер Абрахам Кавагийн болгоомжилж буйгаар бол Gold Star Performance Products компани худалдаа эргэлт, борлуулалт төдийлөн сайтай биш тул хагас мөнгийг нь төлөөд компаниа дампуурснаар зарлах магадлалтай ихтэй юм байна.

“Шүүхэд ялалт байгуулсандаа би их баяртай байна. Мөнгөнд хэргийн учир байгаа юм биш. Гол нь нэр хүндээ сэргээх ёстой. Допинг хэрэглэсэн гэж намайг чичилж шүүмжлэгчдээс залхаж гүйцээд байна. Би үргэлж шударгаар өрсөлдсөөр ирсэн” хэмээн Ромеро өгүүлжээ.

“Бурханы цэрэг” хэмээх хочит Ромеро наймдугаар сарын 17-нд  Бразилын тулаанч Пауло Костатай тулаан хийхээр тов тогтсон билээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE