Вейналдум: Клопп намайг “нууц зэвсэг” гэсэн юм…

Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолтод Английн “Ливерпүүл” талбайдаа Испанийн “Барселона”-г 4:0-ээр бут ниргэж, финалд шалгарлаа.

Эхний тоглолтод 0:3-аар хожигдсон тул “Ливерпүүл”-ийнхэнд дор хаяж гурван гоол оруулах шаардлага байв. Гэтэл багийнх нь довтолгооны гурвалын хоёр нь бол Мохамед Салах, Роберто Фирмино нар гэмтлийн улмаас тоглох боломжгүй болж, төдийлөн талбайд гараад байдаггүй Дивок Ориги, Жердан Шакири хоёрт найдахад хүрсэн.

Гэвч Дивок Ориги энэ тоглолтод дубль хийж, харин Жердан Шакири гурав дахь гоолын дамжуулалтыг өгсөн юм. Энэ тоглолтын баатруудын нэг нь гарцаагүй Жоржиньо Вейналдум байлаа. Тэр гурван минутын хугацаанд хоёр гоол оруулж, тоог 3:0 болгож, багийнхандаа их итгэл өгсөн.

Тоглолтын дараагаар голланд хагас хамгаалагч ийн өгүүлжээ.

“Гайхамшигтай юм аа. Эхний тоглолтын дараагаар үг ч дуугарахад хэцүү байсан. Гэтэл одоо бүр 4:0-ээр хожчихлоо. Бидэнд эргэлзэгчид олон байсан. Чадахгүй гээд л… Гэвч бид дөрвөн гоол оруулж, чадлаа.

Сэтгэл маш их хөдөлж байна. Та нар өөрсдөө хар л даа, энд юу болж байгааг. Эхнээсээ л бид өөрсдөдөө итгэсэн. Бүгдээрээ шүү. Дасгалжуулагч, тоглогчид гээд бид ялалтдаа итгэсэн юм. Боломж байгааг мэдэрч байлаа.

Үнэндээ энэ тоглолтын гараанд намайг гаргалгүй суулгасанд би их бухимдсан. Гэвч Клопп надад хэлсэн юм. “Чиний миний нууц зэвсэг” гэж. Би багтаа туслахыг их хичээж, хоёр гоол оруулсандаа их баяртай байна” хэмээн Вейналдум өгүүлжээ.


Ливерпүүл Англи – Барселона Испани 4:0

Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолт

Эхний тоглолт: 0:3

Гоол: Ориги 7, 79, Вейналдум 54, 56

Ливерпүүл: Алиссон, Робертсон (Вейналдум, 46), Матип, ван Дейк, Александер-Арнолд, Хендерсон, Фабиньо, Шакири (Старриж, 90), Милнер, Манэ, Ориги (Гомес, 85).

Барселона. Тер Штеген, Альба, Лангле, Сержи Роберто, Пике, Коутиньо (Нелсон Семеду, 60), Ракитич (Малком, 80), Видаль (Артур, 75), Бускетс, Суарес, Месси.

Шар хуудас: Фабиньо (11), Бускетс (45), Ракитич (53), Матип (66), Нелсон Семеду (75).

News1.mn Р.Гэгээ

 

SHARE