Тайгер Вүдс дэлхийн анхны хоёр тэрбумтан тамирчин болно

43 настай Тайгер Вүдс 13 жилийн дараагаар гольфын мэйжор цувралын Masters-т түрүүлсэн. Сүүлийн 10 гаруй жилийн турш хувийн амьдралдаа алдаж, удаа дараалан гэмтэж бэртснээр Тайгерийг дахиад талбайд гарч, ялалт байгуулна гэж итгэхэд ч хэцүү байсан. Гэлээ ч тэр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд бүгдийг уулга алдуулан амжилтын оргилд дахин гарч ирж чадсан юм.

“Жинхэнэ агуу аварга Тайгер Вүдст баяр хүргэе!” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп яаран жиргэсэн. Дараагаар нь Трампын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама “Аймшигтай бас гайхамшигтай уналт босолтыг давж, тэвчээртэй эрийн чанар зааж, дахин ялалтад хүрсэнд баяр хүргэе!” хэмээн мэдэгдсэн. Эмэгтэйчүүдийн теннисийг эзэрхийлж буй Серена Уильямс ч уулга алдаж, “Тайгер Вүдсийн ялалтыг үзээд нулимс гарлаа. Тэр хэн хүнээс илүү агуу тамирчин. Юуг даван туулж, тэвчиж, зүтгэж байж өнөөдөр дахин цойлж гарч ирснийг бодохоор хүндлэхгүй байхын аргагүй. Сая сая удаа баяр хүргэе. Чиний ялалт надад ч маш их урам зориг өглөө” гэж бичжээ.

Энэ ялалт Тайгер Вүдсийг хэд хэдэн дээд амжилт руу дөхүүллээ. PGA Tour-д нийтдээ 81 дэх тэмцээндээ түрүүлснээр Сэм Снидийн дээд амжилтад ганцхан түрүү дутаж байна. Мөн Жек Никлаусын Masters-т зургаан удаа түрүүлсэн амжилтад дахиад ганц л түрүү дутуу.

Санхүүгийн үзүүлэлт тал дээр бол Тайгер Вүдсийг гүйцэж түрүүлнэ гэдэг бараг боломжгүй. Тэмцээний шагнал гэхэд л тэр 118 сая ам.долларыг халаасалчихлаа. Гэтэл энэ нь түүний орлогын ердөө 10 хувь нь. Үлдсэн 90 хувийг гольфын талбайн гаднах реклам сурталчилгаанаас олчихдог.

1996 онд Тайгер Вүдсийг анх гарч ирж байхад л Nike адтай нь аргагүй анзаарч, таван жилийн 40 сая ам.долларын гэрээ байгуулсан юм. 1997 он гэхэд Вүдс дэлхийн чансааг тэргүүлчихсэн байлаа. Үүнээс хойш тэрбээр дундаа завсартай ч гэсэн нийтдээ бараг 10 жил дэлхийд ноёлсон гольфчин.

1999 оны наймдугаар сараас 2004 оны есдүгээр сар хүртэл /264 долоо хоног/, дараа нь 2005 оны зургаадугаар сараас 2010 оны аравдугаар сар хүртэл /281 долоо хоног/ дэлхийн чансааг тэргүүлсэн юм.

PepsiCo, Electronic Arts, General Motors, Procter&Gamble, Accenture, American Express, Tag Heuer гэх мэтийн томоохон компаниуд түүнтэй өрсөлдөн гэрээ байгуулна. Нэг компани гэрээгээ цуцлалаа гэхэд нөгөөх нь тэр дорхноо л гараад ирдэг.

Жишээлбэл, 2008 онд General Motors санхүүгийн хүндрэлээсээ шалтгаалан гэрээгээ цуцлахад AT&T шууд л нэг жилийн 8 сая ам.долларын гэрээ барьчихсан ороод ирсэн гэдэг.

2002 оноос Тайгер Вүдс дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлж, түүнээс хойш 10 жилийн турш энэ байр сууриа хэнд ч тавьж өгөөгүй юм. Оргил амжилтынхаа үед Вүдс жилийн 100 сая болон түүнээс дээш ам.долларын орлоготой байлаа. 2008 онд л гэхэд 115 сая ам.долларын орлого тэмдэглүүлсэн байдаг.

Ингээд 2009 оны сүүлч гэхэд Тайгер Вүдс Forbes-оос гаргасан тооцоогоор анхны тэрбумтан тамирчин болж тодорсон юм. Энэ жилийн байдлаар түүний хөрөнгийн хэмжээг Forbes 1.5 тэрбум ам.доллар гэж тооцож байна. Мэдээж, сүүлийн хэдэн жилд алдаж буруутаагүй бол хөрөнгийн хэмжээ нь аль хэдийнэ хоёр тэрбум ам.долларт хүрчих байв.

2009 оноос эхлэн Тайгер Вүдсийн хувийн амьдрал нурж эхэлсэн юм.  Түүний эхнэр Элин Нордгрен нөхрөө үнэнч биш байсан тухай баримтуудыг олж мэдсний зэрэгцээ 100 гаруй бүсгүй алдартай тамирчинтай нууцаар уулзаж байснаа ил зарласан. Вүдс ч өөрийгөө өмгөөлөх, нуух гэсэнгүй. “Би төгс биш хүн. Би үнэнч биш нөхөр. Тийм ээ, би эхнэрээ хуурч байсан…” гэж тэр мэдэгдсэн.

Үүний дараагаар гэр бүл цуцлуулах процесс удаан дуулиантай үргэлжилж, эхнэртээ 100 сая ам.доллар өгөх болж, хоёр хүүхдээ асран хамгаалах эрхээ тэр алдсан. Ядаж явахад яр гэдэг шиг гэмтэл бэртэл мөн дагаад салахаа болив. Шүүхээс түүнийг сексийн хамаарлаас болон эмний хамаарлаас гарах курс эмчилгээ хийлгэхийг тулгалаа.

Өвдөгний гэмтэл эдгэмэгц нурууны гэмтэл залгаж, тэмцээнийг дундаас орхих явдал олон болов. “Би зүгээр сууж, хэвтэж ч чадахаа больтлоо өвдөж байлаа. Тийм нөхцөлд амжилт гаргах боломж үгүй” гэж тэр ярьсан юм.

2014 онд Тайгер Вүдс нуруундаа хагалгаа хийлгэлээ. Түүнээс хойш удаа дараалан хагалгааны ор дээр гарснаас 2017 оны дөрөвдүгээр сард сүүлчийн хагалгаагаа хийлгэсэн юм. “Эдгэчихээд эргээд талбайдаа гарна аа” гэж тэр амласан. Олон сар өнгөрсний дараагаар үнэхээр л эдгэж талбайдаа дахин гарсан.

Ингэж алдаж буруутаж, ад үзэгдэж, нүд үзүүрлэгдэж явах үед Gillette, Tag Heuer, AT&T, Accenture, Gatorade компани гэрээгээ цуцлав. 2013 онд Electronic Arts компани Tiger Woods PGA Tour цуврал тоглоомоо гаргахаа зогсоож буйгаа зарлалаа. Уг нь 1999 оноос хойш хамтран ажиллаж 771 сая ам.долларын орлоготой ажилласан төсөл юм.

Гэхдээ бас хүнд хэцүү цагт хаяж одоогүй ивээн тэтгэгчид бий. Түүний нэг нь Nike. 2010 онд Тайгерийг бүгд чичилж байх үед Nike-ийн тэргүүн Чарли Денсон “Хувийн амьдралаа цэгцлэхийг хичээж буй тамирчинтай бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Тайгер өөрийн асуудалдаа анхаарал тавьж, шийдсэн цагт тэр урьдынхаасаа хавьгүй хүчтэй болж буцаж ирнэ” хэмээн мэдэгдсэн.

Зөгнөсөн мэт энэ үгийн дагуу Вүдс ч аажмаар сэхэж, сэргэж эхэллээ. 2018 оны эх гэхэд тэр шилдэг тамирчдын тоонд дахин багтахын тулд өөрийгөө дайчилна гэдгээ зарласан. Тухайн үед дэлхийн чансааны 1199-д бичигдэж байсан тамирчин шүү дээ.

Ингээд удаа дараалан тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргасаар, чансаа нь ахисаар байв. Үүнийг дагаад орхиж одсон ивээн тэтгэгчид буцан ирж, мөн шинэ брэндүүд түүнтэй гэрээ байгуулах болсон юм.

Forbes-оос гаргасан 2018 оны хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтын 16-д Вүдс бичигдлээ. Жилийн хугацаанд 43.3 сая ам.долларын орлого олжээ.  Харин энэ жил түүний орлого үүнээс хол давуу хэмжээгээр нэмэгдэж байгаа нь эргэлзээгүй. Түрүүн өгүүлсэнчлэн Forbes түүнийг 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж тооцсон. Хэрвээ Жек Никлаус шиг 47 хүртлээ амжилт гаргана гэж тооцвол ойрын хэдэн жилийн хугацаанд Вүдс хоёр тэрбумтан болох магадлал маш өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, анхны хоёр тэрбумтан тамирчин болох хамгийн өндөр магадлалтай нь Тайгер Вүдс л юм. Тиймээс түүний ашиг орлогыг нэмж тооцсоор, хоёр тэрбумын чимээг хүлээсээр байна.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE