12 жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй мэт жүжиглэж, Ромын Паптай хүртэл уулзсан этгээдийг баривчилжээ

Италийн Флоренцийн 55 настай Роберто Гутлельми хэмээх эрийг цагдаа нар баривчилжээ. Түүнийг хөгжлийн бэрхшээлтэй мэт жүжиглэж 12 жирийн турш залилан мэхэлсэн хэрэгт буруутгаж буй юм байна.

Тэрбээр 2007 онд хөрштэйгээ үгсэн тохирч өөрийгөө авто осолд ороод алхаж чадахгүй болсон гэсэн бичиг баримт бүрдүүлэн, сүүлийн 12 жилийн турш төр засгаас тэтгэмж авч байжээ. Эмч нарт өөрийгөө алхаж чадахгүй болсон мэтээр итгүүлэхийн тулд тусгай тариа тарьж, түр хугацаанд хөлөө мэдээ алдуулсан гэнэ.

Гутлельмиг ойрын хамаатан саднууд нь хүртэл үүрд тэргэнцэрт хадагдсан гэж өрөвдөж, тусалдаг байж.

Он жил ахих тусам Гутлельми хуурмаг дүрдээ эрдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх тэмцэлд хүртэл магнайлан оролцох болжээ. Хэвлэл сонинд ярилцлага өгөхдөө “Цагдаад ажиллаж байгаад гэмт этгээдэд буудуулж шархдснаас хойш алхаж чадахгүй болсон” гэж өгүүлдэг байж.

 

2014 онд тэрбээр Ромын Пап руу хүртэл өөрийн намтрын талаар захиа бичиж, улмаар урилга хүлээн авч уулзсан гэнэ.

Харин энэ дөрөвдүгээр сарын 9-нд Того улсад аялаад Флоренцдоо буцаж нисэх онгоцны буудалд буусныхаа дараагаар  бусдын ямар ч тусламжгүйгээр алхаж явааг зарим хүмүүс анзаарсан аж.

Үүний дараагаар гэрт нь нууц камер байрлуулснаар сэжиг таамгаа баримтжуулж чаджээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE