Тюрам: Эмэгтэй хүн хүчиндүүлчихээд байхад хэт задгай хувцасласнаасаа боллоо гэх шиг…

1998 оны дэлхийн аварга Францын нэрт  хамгаалагч Лилиан Тюрам Италийн “Ювентус”-ын залуу довтлогч Мойзе Кинийг өмөөрч, Леонардо Бонуччиг эрс шүүмжиллээ.

Италийн Сери А-гийн 30 дугаар тойрогт “Кальяри”-“Ювентус” таарахад Мойзе Кин рүү өрсөлдөгч багийн фанатууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан өнгө аястай үгс хашгирч, доромжилсон юм. Тэгвэл ийм үйл явдал болсонд залуу довтлогчийг бас зохих хэмжээний буруутай гэх утгатай үгийг Бонуччи хэлсэн.

“Гоолын баяраа багийнхантайгаа л тэмдэглэх хэрэгтэй. Гоолын баярыг өөрөөр тэмдэглэх ёстой байснаа Мойзе ойлгож байгаа. Тэгэхээр энэ явдалд фанатууд ч, Мойзе ч буруутай. 50:50 хувийн буруутай гэх юмуу даа. Мойзе гоолын баяраа тэгж хийх хэрэггүй, харин фанатууд тэгж доромжлох ёсгүй. Бид мэргэжлийн хөлбөмбөгчид болохоор бусдыг өдөөн турхирч болохгүй” гэж Бонуччи өгүүлсэн юм.


Гэлээ ч Мойзе Киний гоолын баярыг харвал өдөөн турхирсан гэхээсээ биеэ барьсан гэмээр хөдөлгөөн ажиглагдаж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Лилиан Тюрам ч энэ талаар бодлоо ний нуугүй хэлсэн байна. “Бонуччигийн хэлснээр бол Мойзе өөрөө өдөж байж доромжлуулсан болох нь. Нэг ёсондоо бол хар арьстнуудад ингэж хандах ёстой гэх ухааны үг хэлчихлээ шүү дээ. Бонуччи шиг ийм хүмүүсээс болж дэлхий ертөнц хөгжихгүй, хоорондоо ойлголцохгүй байгаа юм.

Бонуччи багийнхаа залууг ингэж буруутгаж байхаар “Мойзе тэгтлээ доромжлуулахаар юу хийсэн бэ?” гэж хэлээд зогсож байх ёстой хүн. Тэр фанатуудад тал засч, харин Мойзег буруутгалаа. Эмэгтэй хүн хүчиндүүлчихээд байхад эргэн тойрныхон нь түүнийг задгай хувцаслаж явснаасаа боллоо гэж шүүмжилж буйтай төстэй санагдлаа.

Бонуччи уг нь тэнэг эр биш баймаар. Гэвч түүний бодлын үндэс нь нэг тийм… гутамшигтай юм” хэмээн Лилиан Тюрам өгүүлжээ.

Лилиан Тюрам цагтаа “Ювентус”-т таван жил тоглосон намтартай нэгэн.

news1.mn Р.Гэгээ

SHARE