Засаг албатуудаа “казинодох”-ыг хориглолоо, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол хоёрыг хэн хорих вэ?

Д.Бат-Очир

Засгийн газар төрийн албан хаагчид, улс төрийн албан тушаалтнуудыг казино, мөрийтэй тоглоомын газарт тоглохыг хориглолоо. Энэ зөв. Цагаа олсон шийдвэр.

Казинод очиж мөнгө үрдэг хүмүүс бол амьдралдаа ТҮЦ ч ажиллуулж үзээгүй улстөрчид, төрийн албан хаагчид л байдаг. Түүнээс биш хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөгөө казинод үрдэг ямар ч том бизнесмэн Монголд байхгүй.

Гэхдээ Засгийн газрын энэ шийдвэрийг УИХ-ын гишүүдэд яаж хүртээх вэ гэдэг чухал. Мэдээж хэрэг, Засгийн газар УИХ-ын гишүүдийг “зохицуулж” чадахгүй. Тэгтэл  казинод орохыг нь хориглох ёстой хүмүүс бол УИХ-ын гишүүд байгаад байдаг.Тухайллбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол хоёр 2017 оны 11 дүгээр сарын 5-нд БНСУ-ын Пусан хотод байдаг “Парадайс” казинод тоглож байгаа бичлэг нь ямар ч шугамаар юм, нийтэд ил болж байлаа. Бас энэ оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн С.Жавхлан бас л казинодож яваад “гардуулсан” байдаг. Түүний казинод тоглож байгаа гэх зураг цахим сүлжээнд тавигдсан.

Тэгэхээр эднийг хэрхэх вэ. Засгийн газар албатуудаа казино тоглохыг хориглож чадлаа. Харин Ж.Мөнхбат, Д.Оюунхорол хоёр мэтийн гишүүд “казинодоод” яах вэ гэдгийг МАН-ын дарга У.Хүрэлсүх нэмж болох хэрэгтэй юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE