“Сүүний 16”-р байрны оршин суугчид шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа

Ашиглалтын шаардлага хангахаа больж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулаад байсан БЗД-ийн 16-р хорооны “Сүүний 16”-р байрны буурин дээр “Шинэ төсөл хотхон” сүндэрлэж, өнөөдөр оршин суугчид нь түлхүүрээ гардан авч, шинэ сууцандаа орлоо.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 5, 16, 24-р барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Металл энд вүүд” ХХК шалгарч “Сүүний 16”-р байрны барилгыг бүрэн чөлөөлж “Шинэ төсөл хотхон”-ны барилга угсралтын ажлыг эхлүүлэн эхний ээлжийн 1 давхартаа үйлчилгээний төв бүхий 12 давхар 77 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өглөө.

Оршин суугчдад түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, “Нийслэлийн Орон сууцны корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар БЗД-ийн Иргэдийн төлөөлөгч П.Төмөрхуяг болон оршин суугчдын төлөөлөл оролцсон юм.

“Нийслэлийн Орон сууцны корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар: Хотын удирдлагууд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд иргэдээ чанартай, аюулгүй, тохилог орон сууцаар хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэл хотын орон сууцнуудад үзлэг, шалгалт хийсэн. Тус шалгалтаар Нийслэл хотод 234 байр ашиглалтын шаардлага хангахгүй буулгах шаардлагатай, эрсдэлтэй байр гэсэн дүгнэлт гарсан. Үүний 45 байр нь Баянзүрх дүүрэгт байрлаж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж барилгажуулах ажилд иргэдийн оролцоо маш чухал. Тэд нэгдмэл нэг санаа, бодолтой байж,  хэрэгжүүлэгч компанитайгаа хамтран ажилласнаар цаг хугацаа хэмнэж, байрандаа ороход асуудалгүй болно. Нийслэлийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл”-ийг цаашид үргэлжлүүлнэ. Иргэдтэйгээ сайн ойлголцож, нэгэн хүслийн төлөө хамт зүтгэсэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, гүйцэтгэгч компани болох “Металл энд вүүд” ХХК”-ий хамт олонд талархал илэрхийлье” хэмээлээ.

 

SHARE