“Серёга маань үздгээ үзчихсэн амьтан”

ОХУ-ын Ленинград мужийн Антропшино өртөөний галт тэрэгний зам төмрөөс нохой уяад тавьчихсан явдал хэдэн хоногийн өмнө гарсан. Галт тэрэгний машинист ур чадвар гаргаж нохойг дайралгүй өмнөхөн нь зогсоод үүнийхээ төлөө төр засгаасаа шагнал хүртэхээр болсон юм.

Галт тэрэгний зам төмөрт уяулсан нохойны зураг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж, улмаар амьтанд харгис хэрцгий хандаж, хөнөөхөөр хүлж орхисон этгээдийг бараг улс даяараа харааж, хайж эхэлжээ.

Тэгвэл хэд хоногийн дараагаар нохойны эзнийг ан амьтан асран хамгаалах төвийнхөн олж уулзахад 40 эргэм насны эр байсан гэнэ. Яагаад нохойгоо галт тэрэгний зам төмрөөс уяж орхисон талаар лавлахад “Миний нохой 14 настай. Серёга маань үздгээ үзчихсэн амьтан” хэмээн өгүүлжээ. Гэхдээ нохойгоо зам төмөрт өөрөө уясан эсэх тухайгаа үг цухуйлгалгүй өнгөрсөн байна.

Ан амьтан асран хамгаалах төвийнхөн нохойг авах гэсэн ч эзэн нь “Энэ чинь миний нохой” гээд өгөөгүй гэнэ. Тиймээс цагдаад хандахаар болжээ. Нохойны эзнийг амьтанд хэрцгийгээр хандсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн цагдаа шалгаж магадгүй болсон тул нохойгоо өгөхийг зөвшөөрсөн байна.

Ийнхүү Серёга Ан амьтан асран хамгаалах төвийнхний хамгаалалтад орж, эмнэлэгт үзүүлж, улмаар Сүүлт хэмээх шинэ нэртэй болжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE