Викториа Бекхэм: Би Бекхэмтэй гэрлэсэн бүсгүй. Надад вибратор хэрэггүй!

Алдартай хосууд цуутай хуримынхаа дараагаар шуугиантай салдаг гэм биш зан бий. Гэвч үүний эсрэг урсгалд сөрж яваа хоёр бол Викториа болон Дэвид Бекхэм. Тэд монголчууд бидний хэлдгээр тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу нийлүүлээд 20 жилийг үджээ. Энэ хугацаанд гурван хүү, нэг охинтой болсны том нь охид эргүүлж Дон Жуаны дүрд хувирчихаад шуугиулж яваа. Гэхдээ энэ удаад Брүклин Бекхэмийн тухай бус харин түүний аав ээжийнх нь анх хэрхэн нийлсэн тухай болон бас бус түүхээс сийрүүлье.

1997 оны хоёрдугаар сарын 22-ны үдээс хойш. Spice Girls хамтлагийн продюсер Саймон Фуллер дуртай хөлбөмбөгөө үзэхийн зэрэгцээ мөн 22 настай Викториа Адамст алдартай хөлбөмбөгч найз залуу олчих алсын углуургаар “Стэмфорд Бридж”-д дагуулан очиж, “Челси”-“Манчестер Юнайтед”-ын тоглолтыг хамт үзжээ.

Алдартай хамтлагийн зартай дуучин бүсгүй харин хөлбөмбөгчдийн тухай тааруухан бодолтой. “Хөлбөмбөгч гэхээр  тааралдсан гайгүй бүсгүйгээ буйдхан клуб рүү дагуулж очоод орой нь өнөөх ажлаа амжуулахыг хүсдэг хүн төрхтнүүд санаанд буудаг байв. Ер нь нэг тийм хөлдүү нөхдүүд гэж бодож байлаа” хэмээн хожим Викториа Бекхэм өгүүлсэн байдаг.

Тоглолтын дараагаар стадионы VIP лоунжид Саймон Фуллер нэг залуугийн гарыг жигтэйхэн чанга атгаж, “Би Spice Girls-ийн продюсер” гээд дараа нь Викториатай танилцуулжээ. Викториа уг нь хөлбөмбөг үзсэн ч гэсэн линзээ мартчихсан тул хэн гоол оруулсан яасан ийснийг мэдээгүй ч бүрэлзэж харагдах залуутай гар бариад “Сайхан тоглолт боллоо” гэж хэлж чадаж. Үнэхээр ч тэр орой Бекхэм гоол оруулсан тул сайхан л тоглолт байж таарсан нь яамай.

Ингээд ярьж төвдсөн ч үгүй Викториа зай авч, харин Бекхэм багийнхаа автобус руу зүглэх ёстой болжээ. Автобусанд суусныхаа дараагаар Дэвид өөрийгөө өсвөр насны хөвгүүн шиг үг дуугарч ядаад байснаа зүхэж, өмнөх сандлын түшлэгийг бухимдсандаа мөргөчих дөхсөн гэдэг. Энэ бол Бекхэмийн ном дээр дурьдагдсан хэсэг шүү. Өмнөх Викториагийн хөлбөмбөгчдийн тухай ойлголт ч мөн номын нэгэн хэсэг гэдгийг албан ёсоор дуулгасан нь зөв байх.

Азаар гуравдугаар сарын 15-нд буюу эдүгээгээс яг 22 жилийн өмнө Викториа дахиад “Манчестер Юнайтед”-ын тоглолтыг үзэхээр очжээ. “Улаан хөлтийг урдуураа гишгүүлдэггүй” гэх хөлбөмбөгчдийн тухай аймшигтай ойлголттой ч энэ удаад Викториа линзтэйгээ очжээ. Номын хэсгээс харвал ийм яриа өрнөжээ.

“Дэвид дөхөж ирснээ намайг Brit Awards дээр харсан” гэж хэлсэн. Тэгснээ гэнэт:

  • Викториа, би бодсон юм л даа хэрвээ чамд завтай үе байвал магадгүй хоёулаа хамт нэг газар зоог барьж болох болов уу гэж би бодоод…гэх нь тэр. Энэ бол миний амьдралдаа түүний амнаас сонссон хамгийн урт үгтэй санал байсан.
  • Хэзээ? Одоо юу? Манчестерт уу?
  • Үгүй ээ, маргааш би бэлтгэлтэй л дээ.
  • Маргааш чинь ням гариг шүү дээ.
  • Бид өдөр бүр бэлтгэл хийдэг юм аа.
  • Зул сараар бас бэлтгэл хийх үү?
  • Тийм ээ, бас талархлын өдрөөр ч гэсэн…
  • Шинэ жилээр бас уу?
  • Янз бүр. Хуваариас шалтгаалдаг.
  • Би завгүй ээ. Би одоо Лондон руу явах ёстой. Даваа гаригт Америк руу ниснэ.

Ингээд бид хоёр бие бие рүүгээ харсан. Тэр харцнаас бид хоёр бие биенийгээ мэдэрсэн юм. Тэгээд би хэллээ:

  • Алив дугаараа өгчих. Буцаж ирээд ярья… гэж
  • Үгүй ээ, чи харин дугаараа өгчих.

Би цүнхээ нээгээд үзэг аваад тасалбарын өнцөг дээр дугаараа бичээд өглөө. Эхлээд гар утасны дугаараа бичих гэснээ болиод ээжийнхээ утасны дугаарыг өгчихсөн юм.

  • За би явах боллоо. Ноён Дэвид Бекхэм над руу залгахгүй байгаад үзээрэй. Тэгвэл дараа таараад бөгсийг чинь зад өшиглөнө шүү.

Ийм яриа болсноор тэд салж оджээ. Дараа нь тэд хүмүүсийн нүдэнд аль болох өртөхгүйг хичээн автобусны буудал дээр болзжээ. Тэндээсээ хятад ресторанд орж ярилцаж суух гэтэл хөөгджээ. Учир нь Викториа хятад хоол идэхгүй гээд зөвхөн уух юм захиалсан тул ресторан үйлчлэхгүй гэж гэдийсэн байна. Ингээд Б төлөвлөгөө рүүгээ шилжив. Б төлөвлөгөө гэдэг нь Мел Си-гийн өрөө. Мел Си нь ядаж байхад “Ливерпүүл”-ийн фанат гэж байгаа.

Бекхэмийг зочны өрөөнд оруулж зурагт ширтүүлж суулгачихаад Викториа найзыгаа чирэхээ шахан ванны өрөөнд оржээ. “За яаж байна? Ямархуу залуу байна? Хувцаслалт нь ямар санагдав? Яриа хөөрөө нь юу гэж бодогдов?” гэх мэтээр найзаасаа шалгааж гарчээ.

Хоёулаа алдартай болохоор явах газар байхгүй. Ингээд гурвуулаа ярилцан хэдэн цаг суужээ. “Дэвид бид хоёр зэрэгцэж ч суугаагүй. Үнэхээр тэнэг. Гэхдээ тэр өдрөөс хойш миний амьдралд Дэвидтэй ярилцаагүй нэг ч өдөр үгүй” хэмээн Викториа дурсчээ.

Дараа нь тэд мөн л нуугдах ёстой тул машинд уулзах болжээ. Хэдэн сарын дараагаар Spice Girls-ийнхон 90 minutes сэтгүүлд ярилцлага өгч, бүгд нэг нэг багийн өмсгөлтэйгээр зураг авахуулсан байдаг. Викториа тэгэхэд “Манчестер Юнайтед”-ын логотой цамц өмссөн нь Дэвид Бекхэмийн нэртэй байсан юм.

Машинд болзож суухдаа бэлтгэл дээр шархалсан гарт нь наалт наахаар биеэ ойртуултал Дэвид Викториаг анх үнсчээ. Үүний маргааш Викториа Адамсын гэрт том баглаатай улаан сарнай Prada цүнхийн хамт илгээмжээр ирсэн байна. Ээж нь хэрэг явдлыг гадарламагцаа “За, хөлбөмбөг тоглодог хүнтэй суулгахгүй ээ. Аав чинь мэдвэл арьсыг чинь өвчинө шүү!” гэж айлгаж.

Викториад Бекхэмийг их үнэлж харсан нэг тохиолдол байдаг гэнэ. “Олд Траффорд”-д анх уулзахад Дэвид тоглолтын дараагаар бусад залуусын хамт стадионы баар руу бус харин гэр бүлийнхэн рүүгээ түрүүлж очжээ.

“Бид ярилцаад суусны дараахан би 00 орох гээд бослоо. Гэтэл Дэвид бас босдог юм байна. Бас л 00 орох нь дээ гэж бодсон юм. Гэтэл намайг хүндэлж боссон нь тэр юм билээ. Намайг буцаж орж ирээд ширээний ард суухад дахиад босоход нь би ойлгосон. Тэр зүгээр л эмэгтэй хүнийг хүндлээд сурчихсан хүн. Ер нь эхний өдрөөс л тэр жинхэнэ жентельмэн гэдэг нь илт байсан. Түүнд гэр бүл нь эмэгтэй хүнийг дээд зэргээр хүндлэх хүмүүжлийг гүн бат суулгасан. Ийм залуус одоо цагт ховор. Тэгэхээр би эцэг эхэд нь талархахаас аргагүй” хэмээн Викториа нэгэнтээ өгүүлсэн юм.

Анх танилцснаас хойш зургаан сарын дараагаар Дэвид Манчестераас нэг цагийн зайд орших буйдхан газар гэрлэх санал тавив. Викториа зөвшөөрчээ. Гэхдээ тэд хэвлэлийнхнээс үүнийгээ нуухын тулд сүйн бөгжөө нөгөө гартаа зүүхээр тохиролцсон байна. Гэлээ ч нэмэргүй болсонгүй. Хэдхэн хоногийн дараагаар “Манчестер Юнайтед”-ын улирлын шилдэг хөлбөмбөгчийн шагналыг гардахдаа хуруундаа бөгжтэй байгааг нь хэвлэлийнхэн анзаарчихаж. Ингээд “Бекхэм гэрлэх нь ээ” гээд бичиж гарч дээ. Нөхцөл байдал нуухын аргагүйд хүргэсэн тул муу нуухаар сайн илчил гэдгийн үлгэрээр хоёулаа олны өмнө гарч сүй тавьснаа зарлалаа.

1998 онд хөлбөмбөгийн ДАШТ боллоо. Бекхэм бол Английн шигшээгийн гол од нь. Викториа хамтлагийнхаа ажлаар АНУ-ыг зорьж, харин Дэвид гурван арслангийн 7 дугаартайгаар Францад айлчилсан юм. Францад бэлтгэл базааж байтал Викториа утас цохиж, жирэмсэн болсноо дуулгаж баярлуулжээ. Гэвч үүнээс хэдэн хоногийн дараагаар Англи-Аргентины тоглолт болсон юм.

Тэр тоглолтод Дэвид Бекхэм өрсөлдөгчийнхөө гол одыг тоглолтоос яаж ийж байгаад гаргах бодолтой зальжин Диего Симеонегийн арганд унаж, хөлөөрөө биед нь хүрснийхээ төлөө улаан хуудас авч, талбайгаас хөөгдөж, багаа хөөдөж орхилоо.

Хөөгдөөд хувцас солих өрөөнд ормогцоо Дэвид Викториа руу хэд хэдэн удаа залгажээ.

“Аймшигтай осолд орчихсон мэт үнэхээр аймаар дуу хоолойгоор тэр надтай ярьсан. Зурагтаар аймаар харагдсан уу? гэж надаас байн байн асуусан. Би тайвшруулахын тулд “Зүгээр ээ, нэг их аймаар биш” гэж хэлсэн. Тэгтэл “Хэрвээ Английн шигшээ энэ тоглолтод хожигдвол би хэдэн цагийн дараа л чам дээр очно” гэсэн. Английн шигшээг дэлхийн аварга болоосой гэж хичнээн их хүссэн ч гэсэн тэр үгийг сонсоод хөл хүндтэй бүсгүй хүн хурдхан ирээсэй л гэж боддог юм билээ. Надад ч, түүнд ч хамт байх тэр үед их чухал байсан. Бид хоёрын амьдралын хамгийн их сэтгэл хөдлөлтэй яриа тэр болсон” хэмээн Викториа дурссан юм.

Дэвид Бекхэм Английн шигшээгээ хөөдөж, толгойгоо өргөж дийлэхгүй шахам дарамтанд орсон ч нэг л үг түүнийг бага ч атугай тайвршуулж сэтгэлийг нь усалжээ. Энэ бол Гари Невиллийн “Чи аав болох гэж байгаа юм уу? Энэ бол дэлхийн хамгийн сайхан мэдээ” гээд мөрийг нь алгадсан тэр хэдэн үгс байлаа. Дөнгөж Аргентинд хожигдчихоод бүгд урвайж суухад гол буруутнаа Гари Невилл ингэж тайвшруулж чадсан юм билээ.

Гэвч Дэвидийн шуугиан үүгээр дууссангүй. 1999 оны хавар Их Британийн хэвлэлүүд “Викториаг АНУ-д жирэмсэн байхад Дэвид энүүгээр өөр бүсгүйтэй наргижээ” гэж бичиж гарав. Дэвид энэ мэдээллийг үгүйсгэж, харин Викториа нөхөртөө итгэхээр шийджээ.

“Сэтгэл санаа яг савлуур шиг байлаа. Зовлон, шаналал гэж тэрийг хэлдэг байх. Хэрвээ бид хоёрын харилцааг шууд дуусгачих товчлуур гэж байсан бол би эргэлзээгүй дарчихсан” хэмээн Викториа ярьжээ. Харин Дэвид Бекхэм өөрийгөө буруугүй гэдгийг нотлохоор Викториагийн гэрт очоод ээжийнх нь тэвэрт уйлсан юм билээ.

Энэ дуулианы төгсгөлд нэг сонин торгууль хүлээж, харин Викториа гэртээ бүгэхээс залхаж өөрт байгаа хамгийн задгай хувцсаа өмсөн Дэвидийг хөтлөн гарсан гэдэг. “Алив ээ, Дэвид. Ажилдаа явж байгаа юм шиг гарцгаая” гэж Викториа хэлжээ.

“Бид хоёр гар гараасаа хөтлөлцөөд, олны сонжсон тохуурхсан харцыг зүсэн инээлдэн алхсаар машиндаа суусан. Тэгээд бас болоогүй  Дэвидийн өгзгийг жижигхээн чимхээд авсан гэж байгаа. Энэ бол тэр дуулианд дурласан бүсгүйд харуулах гэж хийсэн хариу үйлдэл юм. Мэдээж, тэр тэнэг хүүхэн ойлгоогүй биз. Гэвч би сэтгэл хангалуун үлдсэн” хэмээн Викториа хүүрнэжээ. Үүнээс хойш Дэвид тэр хоёрын дундуур ямар нэгэн илжиг жороолох гэх юм бол өгзгийг нь жижигхээн чимхдэг уламжлал тогтсон гэж хэлж болно.

Гэхдээ тэдний гэрлэлт нэг хүнд огт таалагдаагүй юм. Тэр бол хүн бол Сэр Алекс Фергюсон. “Лидс”-тэй хийх тоглолтын өмнө Дэвид хүү нь өвдсөн гээд бэлтгэлээс чөлөө хүсчээ. Түүгээр нь болгож. Гэтэл зурагтаар Лондоны загварын долоо хоног шоуг Викториатай хамт үзэж яваад “баригдчихаж”. Сэр Алекс галзуурчих дөхөн уурлаж, тухайн үеийн хамгийн өндөр торгуулиар торгожээ. Хожим нь Сэр Алекс Фергюсон намтар номдоо “Бекхэм шоу-бизнестэй гэрлэснээсээ хойш хэзээ ч өмнөх шигээ хөлбөмбөг тоглоогүй. Түүнээс хойш хөлбөмбөг түүний амьдралын жижигхэн хэсэг болсон” гэж дурьдсан нь бий.

Үнэхээр тийм ч байж мэднэ. Викториатай танилцахаасаа өмнө Дэвид ирээдүйтэй хөлбөмбөгч байсан бол дараа нь реклам, сайн үйлс, хувцас загвар гээд түмэн үйлсийн эзэн болсон юм.

Дэвид Викториа хоёр хамтын амьдралынхаа эхний жилүүдэд Марк Эппс хэмээх бие хамгаалагчид их итгэж, гэр бүлийнхээ гишүүн шиг боддог байжээ. Гэвч өнөөх нь хумсаа нуусан муур шиг этгээд байж таарч. Мань хүн наанаа сайхан царай гаргаад цаагуураа тэдний хувийн амьдралын нууцыг хэвлэлүүдэд зарж мөнгө олдог гэнэ. Алдартнуудын амьдралаар ном бичээд гаршчихсан Эндрю Мортонд хувийн амьдралынх нь нууцаас чамгүй зүйлийг ярьжээ. Гэхдээ ном хэвлэгдэх гэж байгааг урьдчилан мэдсний хүчинд хаалгаж чадсан юм билээ. Ингээд Эппсийг халж, шинэ бие хамгаалагч авахаар болов. Гэтэл бие хамгаалагчийн ажилд шалгуулж буй нэг залуу өөртөө хэт их итгэлтэй байх юм гэнэ. Түүнээс асууж. “Чи яагаад энэ ажлыг хийх ёстой гэж ийм бардам түрэмгий ярина вэ?” гэхэд  “Таны шүүгээнд тань вибратор байдгийг мэддэг болохоор..” гэж хариулжээ.

Мел Би тоглоомоор нэг тийм секс тоглоом бэлэглэснийг Викториа шүүгээндээ хийчихсэн юм байж. Викториа өнөөх залуугийн үгийг сонсоод “За залуу минь сонс” гэж бяцхан пауз авснаа “Би Дэвид Бекхэмтэй гэрлэсэн бүсгүй. Надад вибратор хэрэггүй” гэжээ.

Дэвид Бекхэм Испанийн “Реал Мадрид”-д тоглохоор болсон тул тэд гэр бүлээрээ тийш нүүжээ.

“Би уг нь тэвчээртэй хүн. Гэхдээ Мадридад үнэхээр хэцүү. Тэр хов жив, хэвлэл нь авах юм байхгүй. Урхинд орчихсон юм шиг санагдсан. Викториа хүүхдүүдээ аваад холхон салхинд гарахаар “Испани тэдэнд таалагдахгүй байна” гэж бичнэ. Харин намайг бол байнга л наргиж цэнгэж байдаг мэтээр харуулна” гэж Дэвид дурсчээ.

Таван настай Брүклин, хоёр настай Ромео нарыг хэвлэлийнхний дурангаас хол байлгахын тулд тэр хоёр хэсэг зуур тусдаа амьдрахаар шийдсэн юм билээ.

“Тэдгээр хүмүүс бид хоёрын гэр бүлийг нураахыг хүссэн ч эцэстээ бидний харилцаа ямар гүн бат болохыг ойлгосон биз. Хайр сэтгэлийг зовлон шаналал шалгаж байж л хичнээн агуу гэдгийг нь мэдрүүлдэг шиг санагдсан. Гэхдээ нэг гэр бүлийн амьдралаар бүтэн улсын сонинг дүүргээд байх нь утгагүй явдал гэж би боддог” хэмээн Бекхэм өгүүлсэн юм.

За за, бичвэр маань хэт сунжирч байх шиг. Ингээд Викториагийн хэлсэн хэдэн өгүүлбэрээр өндөрлүүлье.

“Бид зургуулаа. Бид нэг нэгээрээ биш харин нэгдсэн үедээ маш хүчтэй. Бид хамтдаа тийм их цаг хугацааг өнгөрүүлээгүйсэн бол ийм их амжилтад хүрэхгүй. Бид гэр бүлээ хамгаас дээдэлдэг” гэж Дэвид Бекхэмийн гэргий өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE