“Сахал” Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайдад хандлаа

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой асуудлаар хэлцэл хийх хүсэлтээ Монголын зэс корпораци Ерөнхий сайд хүргүүлсэн бол Худалдаа хөгжлийн банк ч мөн Засгийн газрын тэргүүнд ханджээ.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн гарын үсэг бүхий албан бичигт “Монгол улсын Ерөнхий сайд Таны амар амгаланг айлтган мэндчлэх ялдамд доорх хүсэлтийг хүргүүлж байна. Худалдаа хөгжлийн банк 2016 онд “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн ОХУ-ын “Ростех” компаниас “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах ажиллагаанд нь хуулийн дагуу санхүүгийн зөвлөгөө өгч зээлийн санхүүжилт олгож оролцсон юм. Үүний үр дүнд Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий стратегийн ордуудыг эзэмшдэг дээрх аж ахуйн нэгжүүд 100 хувь Монголын өмчлөлд шилжин ирж үндэсний компани болсон нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангахад асар их хувь нэмэр оруулсан үйл явдал болсон.

Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Засгийн газрын зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл хийн түүнчлэн дээрх компаниудад онцгой дэглэм тогтоох хууль хүчний байгууллагуудаас тус Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг хууль бусаар яаравчлан баривчлах зэрэг ажиллагаанууд явагдлаа.

Ийм нөхцөл байдал үүсээд байгаа цаг үед “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-иас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын холбоглдох заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын хэлцэл хийх саналаа хүргүүлээд байгаа юм байна.

“Монголиан Коппер Корпорейшн” ХХК хэлцлийн замаар асуудлыг шийдвэрлэхдээ санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтийг тус банкинд ирүүлсэн юм. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь заалт, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон тусгай зөвшөөрлийн банкны эрхлэх үйл ажиллагааны 8-д заасан Хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөмж мэдээлэл өгөх эрхийнхээ хүрээнд харилцагч “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна.

Ийм “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн Засгийн газартай хийх хэлцэлд тус банкны төлөөллийг оролцуулах хүсэлтийг үүгээр уламжилж байна” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE