Сая орчим уйгур иргэдийг хорьж буй хориотой лагерийг цөөлнө

БНХАУ-ын Шиньжан-Уйгурын Өөртөө Засах Оронд сая гаруй уйгур иргэдийг хориотой лагерьт байлгаж буй тухай мэдээлэл сүүлийн хэдэн жилийн тур дэлхий нийтийн чихэнд хүрсэн. Урд хөршийн удирдлага урт хугацааны турш энэхүү мэдээллийн талаар ам нээлгүй явсан ч өнгөрсөн аравдугаар сард үнэхээр ийм лагерь байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Гэхдээ лагерийг хориг анги гэхээсээ илүүтэйгээр улс төр болон үзэл бодлын зөв зүг баримжаа олоход нь тусалж хүмүүжүүлэх бэлтгэлийн төв гэх маягтай тодотгол хэлсэн байдаг.

Тэгвэл Шиньжан-Уйгурын ӨЗО-ны тэргүүн Шохрат Закир тэдгээр лагериудыг цөөлөх бодлого баримталж буй талаар ам нээжээ.

“Лагериудын тоог аажим аажмаар цөөлнө. Өөрөөр хэлбэл, тэндэх хүмүүсийн тоо цөөрнө гэсэн үг. Магадгүй ирээдүйд ийм бэлтгэлийн төв хэрэггүй болвол хаах болно” гэж Шохрат Закир мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE