Хохирогчдын нөхөн төлбөрийг сангийн хурган дарга нар саадаг юм биш биз!

Засгийн газрын тусгай сангуудын нэг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан гэж бий. Сангийн зорилго нь нэрнээсээ тодорхой ойлгогдоно. Энэ сан нь ШШГЕГ-ын харъяа Шийдвэр гүйцэтгэх албаны дэргэд үйл ажиллагаа явуулдаг.

Сангийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, Эрүүгийн хуульд /шинэчлэн найруулсан /заасан дор дурдсан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгоход зарцуулна гэж заасан байна. Үүнд:

  1. 81.1, 81.2-Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах
  2. 91.1, 91.2 Хүнийг санаатай алах
  3. 96.1, 96.2 Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
  4. 108.3 Хүн хулгайлах
  5. 109.3 Хүнийг хууль бусаар хорих
  6. 112.3 Хүнийг барьцаалах
  7. 113.3 Хүн худалдаалах
  8. 126.2, 126.3 Хүчиндэх
  9. 147.3 Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
  10. 177.2 Зандалчлах
  11. 178.2 Терроризм
  12. 251.2, 251.3 Эрүү шүүлт тулгах зэрэг юм байна.

Сангийн талаарх ойлголт өгөхөд ерөнхийдөө ийм.

Тэгвэл Сангийн яамны Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан бүдэрчээ. Уг нь энэ сан Тариалан эрхлэлтийн сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах сан шиг хэл амтай биш. Танил талдаа зээл олгож улсад хохирол учруулах “үйлчилгээ” үзүүлдэггүй. Зүгээр л гэмт хэргийн улмаас хохирсон иргэдэд шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй.

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд өмнө нь Үндэсний аудитын газраас аудит хийж 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаа ямар ч зөрчилгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. 2017 оны дүгнэлт бол өнөө хэр гараагүй, ямар нэгэн дүгнэлт зөвлөмж өгөөгүйг Сангийн яамны шалгалтын багийнхан онцолсон байх юм.

Гэтэл хоёр жил дараалан онц дүн авсан сангийн үйл ажиллагаа Сангийн яамны шалгалтын дүгнэлтээр:

-Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл, хүнийг санаатай алах гэмт хэргийн хохирогч болсон 52 хүний оршуулгын зардалд 205.4 сая төгрөг олгохоор тооцсоноос 22.6 сая төгрөгийг нөхөн олгож 182.8 сая төгрөгийг олгоогүй

-Мөн хуулийн 96 дугаар зүйл,  Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн нөхөн төлбөрт 5 хүний эмчилгээний зардалд 10.6 сая төгрөг олгохоор тооцсоноос 1.2. сая төгрөгийг нөхөн олгож  9.0 сая  төгрөгийг төлөөгүй,

-Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл, хүчиндэх гэмт хэргийн нөхөн төлбөрт 6 хүний эмчилгээний зардалд 17.3 сая төгрөг олгохоор тооцсоноос огт төлөгдөөгүй зэргээр дээрх 3 төрлийн гэмт хэргийн хохирлын нөхөн төлбөрт нийт 63 хүнд 233.3 сая төгрөг олгохоор тооцсоноос 23.9 сая төгрөгийг нөхөн олгож  209.4 сая  төгрөгийг олгоогүй ажээ. Энэ нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.2-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгохтой холбогдсон харилцааг зохицуулахаар заасан боловч энэ талаарх мэдээллийг иргэд хохирогчид мэддэггүйгээс шалтгаалж зөвхөн өргөдөл гаргасан иргэнд олгох байдлаар тооцож ирсэн зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.

Зөвхөн энэ тоон үзүүлэлтээс харахад амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон иргэд түүндээ тохирсон нөхөн төлбөрийг Монголын төрөөс авч чаддаггүй юм байна. Анх төлөвлөсөн мөнгөнийхөө 10 хүрэхгүй хувийг хохирогчдод олгосон шалтгаанаа сангийнхан тайлбарлаж чадаагүй байна.

Хохирогчид олгох ёстой нөхөн төлбөрийг сангийн хурган дарга нар саадаг юм биш биз!!!

Эх сурвалж: News1.mn Б.ЭНХЗАЯА

SHARE