Шүүгч М.Батсуурийн “Эрдэнэт”-ийн адилаар шийдсэн хэргүүд ба Гацуурт, Бүрэнхааны орд “хувьчлагдсан нь”

 

Монгол Улсын саалийн үнээ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтад гар бие оролцсон эрхмүүд өчигдөр бөөнөөрөө баригдав. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр цагдаа нар сүр дуулиантай баривчилсан. Нэг үгээр Эрдэнэт үйлдвэртэй нэр холбогдсон хүмүүс эрүүгийн хариуцлагад татагдаж эхэллээ.

Эрдэнэтийн 49 хувийн асуудалд нэр холбогдсон дахиад зөндөө хүмүүс бий. Тэдний нэг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхмын тэргүүн М.Батсуурь юм. Түүнийг буруутгаж зүйл нь Эрдэнэтийн 49 хувийг Монголын зэс корпорацид олгох ажлыг гардаж хийсэн буюу шүүхийн аргаар баталгаажуулсан гэж олон нийт буруутгаж байгаа. Ингэж хардах үндэслэл ч бий.

Монголын зэс корпорацийн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хурал 2018.09.19-ний өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд болсон юм. Танхимын тэргүүн нь М.Батсуурь байв. Шүүх бүрэлдэхүүн хариуцагч тал болох Засгийн газрын төлөөлөл эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй, хойшлуулах хүсэлт гаргасныг эс хэрэгсэж шүүх хурлыг эхлүүлсэн байдаг. Шүүх бүрэлдэхүүн Монголын зэс корпорацийн нэхэмжлэлийг хангаснаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь тус компанийн талд болохыг баталгаажуулсан хэрэг. Монголын зэс корпораци Худалдаа хөгжлийн банк удирдлага болон санхүүгийн хувьд хоорондоо хамааралтай. Өөрөөр хэлбэл, нэг эзэнтэй гэсэн үг. М.Батсуурь шүүгч Худалдаа хөгжлийн банкны хуулийн газрын захирлын албан тушаалыг 2009-2011 онд хашсан байдаг. Үүнээс илүүг дурдахад илүүц биз ээ.

Улсын дээд шүүх гэдэг аливаа хэрэг маргаанд цэг тавих эцсийн зогсоол юм. Анхан болон давж заалдах шатанд гомдол саналаа шийдүүлж чадаагүй иргэд Улсын дээд шүүхэд эцсийн найдвараа тээн очдог.

Олны дунд өндрөө аваад байгаа Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шүүхийн шийдвэр өөр бусад маргаанд ч “давтагдсан” байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, стратегийн ордтой холбоотой маргаан Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийн гараар орж “хувьчлагдсан” байдаг юм байна.

Стратегийн ордтой холбоотой маргааны хамгийн ойрын жишээ бол Гацууртын орд юм. Шүүхийн шатанд 40 гаруй удаа буюу хамгийн олон удаа хойшлогдсон гэдгээрээ алдартай Ноён уултай холбоотой маргаан бий. Сентерра гоулд компанид олгосон Гацууртын ордын лиценз Ноён уулын түүх соёлын үнэт дурсгалыг хөндөхөөс хамгаалсан нутгийн иргэдийн нэхэмжлэлтэй маргаан хоёр жил гаруй үргэлжилсний эцэст анхан шатны шүүхээс лицензийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байв. Гэвч Улсын дээд шүүхэд М.Батсуурь шүүгчийн даргалсан шүүх хурал 2018.11.14-нд болж 4 цаг гаруй үргэлжилсний эцэст тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагагүй хэмээн үзэж эзэмшигчийн талд шийдвэрийг гаргаж байв.

Ноён уулын маргаан бол нэг иргэн жижиг байгууллага хоорондын маргаан бус. Монголчуудын өвөг дээдсийн онгон шүтээнийг олон зуун жил хадгалсан үнэт өв билээ.

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Бүрэнхааны фосфоритын орд гэж бий. Сртатегийн ордуудын нэг. Энэ ордтой холбоотой маргаан одоогоос 8 жилийн өмнөөс эхэлж гурван жил орчмын хугацаанд үргэлжилсэн байдаг. Товчхондоо Бүрэнхааны ордын 8 тусгай зөвшөөрлийг Талст маргад ХХК-т хууль бусаар олгосон гэх маргаан. Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ, нутгийн иргэдийн хамтарсан стратегийн өмгөөлөл амжилттай болж 3 шатны шүүхээс тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гарч байжээ. Гэвч  нэг л өдөр М.Батсуурь шүүгчийн шийдвэрээр “Бүрэнхааны ордтой холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн” гэх үндэслэлээр маргааныг сэргээж дахин 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн байдаг ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЗАЯА

SHARE