Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж эхэллээ

Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхлэв. Шав тавих ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайми болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцлоо.

Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэхийн биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах юм. Үүний 24.7 га буюу 61 хувьд нь барилга байгууламжийг барина. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм байна. ТЭЗҮ-д тусгагдснаар хоногт 250,000 м.куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм.

Шинэ цэвэрлэх байгууламжийг “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум” барина. Үндсэн барилга байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE