Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлэх санаачлагыг эмэгтэйчүүд гаргана

Хүн төрөлхтөн байгаль эхийн салшгүй нэг хэсэг, эд эс юм. Гэвч сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж ундны усны хомсдол, цөлжилт, гол нуур олон зуун мянгаараа ширгэж үгүй болох, зэрлэг ан амьтдын тоо эрс буурах зэргээр байгаль эх сульдан доройтох үйл явц ажиглагдсаар байна. Ялангуяа Монгол орны хувьд байгаль орчны доройтлын асуудал хурцаар тавигдах болсон. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан байгаль экологийн асуудлыг шийдэхэд эмэгтэйчүүд манлайлах учиртайг сануулсан “Эко эмэгтэйчүүдийн чуулга уулзалт-2019” анх удаа болох гэж байна. “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Байгаль орчны эко сэтгүүлчдийн сүлжээ”, “Түгээмэл эрх хөгжил”, “Ногоон эвсэл” ТББ-ууд хамтран уг чуулга уулзалтыг маргааш зохион байгуулахаар болжээ.

Дэлхий дахин аль хэдийнэ ногоон замыг сонгож, ялангуяа эмэгтэйчүүд нь байгаль орчныг хамгаалах үйлсэд үлгэр жишээ манлайлж байгаа юм. Тиймээс монгол эмэгтэйчүүд, тэр дундаа байгаль экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэй удирдлагатай төрийн бус байгууллагууд ийнхүү санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Чуулга уулзалтын үеэр Монгол орны цэвэр усны 70 хувийг бүрдүүлдэг, дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Байгалийн өвд бүртгүүлэх санаачлагыг гаргах юм байна.

Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нарын зочид хүрэлцэн ирж Монгол Улсын төр засгаас энэ салбарт барьж байгаа бодлогын талаар танилцуулахаас гадна бусад илтгэгчид “Далай ээж-Дэлхийн өв Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхийн ач холбогдол”, “Хариуцлагатай уул уурхай ба эмэгтэйчүүд”, “Надад мөрөөдөл бий”, “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ба нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, “Иргэдийн оролцоонд тулгуурласан хот суурин газрын төлөвлөлтөөр нийслэлийн орчны бохирдлыг бууруулах хувь нэмрээ оруулах нь” зэрэг сэдвүүдийг хөндөх юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE