“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл мэдэгдэл гаргалаа

“Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл өөрийн 51 хувь эзэмшдэг “British of Ulaanbaatar” сургуулийг хүчээр хамгаалалтад авсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Тус сургуулийн захирал энэ тухай тодорхой ярьсан бичлэг ч байна.

Тэгвэл “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэлийн хувь эзэмшдэг “Улаанбаатар дахь бритиш сургууль” буюу “Эко скүүл гарден” ХХК-иас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд ““Улаанбаатар дахь бритиш сургууль” буюу “Эко скүүл гарден” ХХК-ийн 2018.04.05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гаргасан 01 тоот шийдвэрээр 2018.04.05-ны өдрөөс эхлэн Компанийн тухай хуульд заасны дагуу “Эко скүүл гарден” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Батжаргалыг албан тушаалаас чөлөөлж Б.Ерөөлтийг гүйцэтгэх захирлаар томилсон. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018.12.19-ний өдөр шийдвэр гаргасан.

Х.Батжаргал нь гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 10 гаруй сарын хугацаанд шинээр томилогдсон гүйцэтгэх захиралд ажлаа хүлээлгэж өгөхгүй, компанийн үйл ажиллагаанд саад учруулж байсан тул шинээр томилогдсон гүйцэтгэх захирлыг ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс гүйцэтгэх захирлын тушаалаар гэрээт харуул хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа болно.

Ц.Ариунаа нь өөрийгөө ТУЗ-ийн дарга гэдэг боловч компанийн дүрмийн дагуу ТУЗ гэх бүтэц байхгүй, тус компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал юм. Иймд Х.Батжаргал нь “Эко скүүл гарден” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2018.04.05-ны өдрөөр чөлөөлөгдсөн, цаашид тус компанийг төлөөлөхгүй, Ц.Ариунаа нь тус компанийн ТУЗ-ийн дарга биш, “Эко скүүл гарден” ХХК-ийн албан ёсны гүйцэтгэх захирал Б.Ерөөлт цаашид тус компанийг албан ёсоор төлөөлөх болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

 

SHARE