Улаанбаатарт газар хөдлөлт нэг баллаар нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэнийг албаны хүмүүс албан ёсоор мэдэгдэх болсон. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагад “Улаанбаатар хот газар хөдлөлтийн чичирхийллийн маш идэвхтэй бүсэд байрладаг. Жилд 30 гаруй мянган чичирхийлэл багаж болон хүнд мэдрэгдэж байна. Монгол Улсын хүн амын тал хувь, үйлдвэр үйлчилгээ, дэд бүтэц гэх бүх зүйл Улаанбаатар хотод төвлөрчихсөн учраас газар хөдөлбөл, Үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх эрсдэл бий. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өнгөрсөн онд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн чичирхийллийн идэвхтэй бүсийг шинэчлэн тогтооход нэг баллаар нэмэгдсэн байна. Энэ нь улам идэвхжиж байна гэсэн үг. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжлийг арван жилийн өмнөх чичирхийллийн тоотой харьцуулахад арав дахин нэмэгдсэн байна. Иймд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ганц боломжит зүйл нь дадлага, сургуулилт хийх явдал юм. Хүн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, аюул осол тохиолдсон үед сургуулилтаар хэвшүүлсэн зүйлийг хийх нь чухал. Тэгэхгүйгээр дур зоргоороо өөрсдийн аюулгүй байдлыг хангана гэвэл асар их хохирол бий болгоно” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE