Кувейтийн өсвөрийн хоккейчид 0:219-өөр хожигдоод  “Ялалтын төлөөх тэмцэл” медалиар шагнуулав

ОХУ-ын Өмнөд Сахалинд Азийн хүүхдийн наадам болж буй билээ.

Хоккейн тэмцээнд Кувейтийн өсвөрийн шигшээ багийнхан ирж оролцлоо. Гэхдээ шигшээ багийнхаа хөвгүүдийг ердөө 14 хоногийн өмнө цуглуулан нэгтгэж, наадамд авчирчээ. Тамирчдын зарим нь тэшүүр дээрээ дөнгөж тогтож ядахын зэрэгцээ баг нь бүрэн бүрдээгүй тул спортын өөр төрөлд өрсөлдөхөөр ирсэн тамирчдаас багтаа авсан гэнэ.

Кувейтийн өсвөрийн шигшээ Оросын Сахалин, Сибирь, Алс Дорнод мужийн багууд болон Японы шигшээтэй нэг хэсэгт орж, дөрвөн тоглолтдоо 0:60, 0:77, 0:28, 0:54-оор буюу нийтдээ 0:219-өөр хожигдсон дүнтэйгээр нутаг буцахаар болсон байна.

Эхний хоёр тоглолтод өрсөлдөгчдөө хэт олон гоолоор хожигдсондоо гутарсан зарим хөвгүүд мөсөн талбайд дахин гарахгүй гэж гүрийсэн ч үзэгчдийн дэмжлэг, урмаар тоглолтоо гүйцээсэн байна.

Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс Кувейтын өсвөрийн хоккейн шигшээ багийн тамирчдыг “Ялалтын төлөөх тэмцэл” медалиар шагнажээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE