Өмд тайлсан хэрэг буюу есөн жилийн ял

 (Орон байр бэлдээд 13 настай охиныг хүчиндүүлэн алуулахад хүргэсэн хүмүүс зүгээр байхад, эмэгтэйн норсон өмд тайлж хатаах гэсэн хүн өсөн жилийн ял авах юм даа?!)

 

Г.ЖАМЬЯН

(Монгол Улсын Соёлын гавъяат

зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч)

 

Шоронгоос Дашзэвэг найз маань над захиа ирүүлж. Дашзэвэг гэдэг маань өнөөх л орой болгон телевизээр ярьж байдаг, олны танил – Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, доктор профессор Бизъяагийн Дашзэвэг шүүдээ. Тэрээр өнөөдөр далан хэдэн насандаа өргөст торны цаана сууж байгаа юм. Яаж зовж шаналж сууж байгаагаа Дашзэвэг найз маань бичсөн байна. Ердөө л, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн хөрч хөлдөх шахсан өвдгийг дулаацуулахаар өмдийг нь тайлсан “хэрэг” шүүдээ. Монголын шүүх түүнд 9 жилийн ял халдаасан юм. Дээд шүүх 3 жил болгосон.

Гадаа хасах 40 хэм даван хүйтэрч байна. Муу нөхөр минь шоронгийн мухарт, энэ хүйтэн орчлонд яаж зовж шаналж байгаа бол гэхээс элдвийн зүйл сэтгэлд орж ирэх юмдаа. Дашзэвэг найзыгаа би сайн мэднэ. Сэтгүүл зүйн өнөр бүлд бараг нэгэн үед багтсан учраас зан чанар, амьдрал уран бүтээлийг нь би мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Монголыг дэлхийд таниулахаар зүтгэж ирсэн цөөн хэдэн сэтгүүлчийн нэг. НҮБ–ын хуралдааны их танхимаас, НАТО–гийн төв штаб, Варшавын гэрээний байгууллага, үе үеийн олимпийн наадмаас, Сансарын хөлөгийн гарааны талбайгаас, олон улсын уулзалт ярианы танхимуудаас хэн сурвалжилж, бидэнд хүргэж байлаадаа? Б.Дашзэвэг.Тэрээр зөвхөн сэтгүүлч биш, “Айдаа хүмүүс минь амьдрах сайхан, Амьдын хорвоодоо энэ л үнэн шүү…” гэхчлэн олон арван шүлэг, дууны үг бичсэн нэртэй зохиолч билээ. Өнөөх “Амьдрах сайхан хорвоо”- доо өнөөдөр өргөст торны цаана сууж байна гэхээр хэний ч сэтгэл хямармаар л юмдаа.

Б. Дашзэвэг маань болсон явдлыг захидалдаа дэлгэрэнгүй бичжээ. Цас бороо хольж орсон тэр нэгэн жихүүн өдөр Шадивлангийн зусландаа очсон гэнэ. Ахмадын баярын өдөр, олон жил айл аймаг явсан Батмөнх сахиулындаа очингоо зуслангаа эргэж, цэвэр агаар амьсгалсан аж. Нөхдүүд баярын өдөр уулзасных нэг шил юм задалж хүртсэн гэнэ. Дашзэвэг бол ямар чүед, төрийн хүлээн авалтанд ч гурваас илүү хундага уудаггүй хүн л дээ. Тэр л зарчмаа барьж. Энэ үед зуслангийнх нь хашаанд үхэр орж ирснийг Батмөнх хөгжлийн бэрхшээлтэй охин гурвуулаа хөөж гаргахаар цас бороон дундуур нэлээн хөөцөлдсөн юм билээ. Бүгдээрээ л их өвсөн дунд өвдөгнөөс доош норчихоод чичирч байсан гэдэг юм. Дашзэвэг маань эмэгтэйг гэрт нь дулаан газар оруулаад гутал өмдийг нь тайлах гэсэн чинь хөл нь шагайгаараа эргэчихсэн учир доошоо тайлж болсонгүй. Тэгэхээр өмдийг нь дээрээс нь тайлж норсон өвдгийг нь дулаацуулах гэтэл Батмөнх ороод ирж. Тэрээр нэлээд халмаг байсан учир “Охины өмд тайллаа. Хүчирхийлэх гэсэн” гэж маргалдаж. Далимдуулаад Дашзэвэгээс архины мөнгө нэхсэн гэнэ. Болсон явдал ердөө л энэ. Б.Дашзэвэгийн бичсэнээр бол эмэгтэйг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан зүйл ердөө байхгүй. Өмдийг нь тайлж, өвдгийг нь дулаацуулах гэсэн л буруутай юм билээ.Үүнээс хэд хоногийн дараа ирсэн чинь Батмөнх том охиндоо хэлээд, охин нь хууль хяналтын байгууллагад хандаад, шүүх цагдаа тэр доор нь шийдэн, сэтгүүлчийг 9 жил хорих ялаар шийтгэдэг байгаа.

Батмөнхийнхөн, оройтсон хойно нь гэмшсэн гэсээн. Батмөнх, шүүх хурлын шийдвэрийг сонсоод: “Өндөр настай Дашка ах яаж амьд гарах вэ ! Би наана нь үхэх хэрэгтэй, хүний нүүр харах арга алга” гэж үглэсээр гэртээ боож үхсэн гэнэ. Батмөнхийн том охин Б.Пагма нь “Аавын хэл гэснээр л би мэдүүлж ярьсан. Дашка ах, дүүгийн өмдийг шувталсан гэдэг ч худал байх гэж би боддог. Бид Дашка ахыг сайн мэднэ ээ … гэх мэтээр гэмшин ярьж байсан гэнэ.Болсон явдал ердөө л энэ. Тэгээд шүүгч “Хүчирхийлэхийг завдсан” гэдэг зүйл ангиар 9 жилийн ял оноож, дээд шатных нь шүүх 3 жил болгосон.

Б.Дашзэвэгийнхээ шоронгоос бичсэн захиа шүлгүүдийг өмнөө тавьчихаад миний бие элдвийн зүйл бодож сууна. Өмд тайлсан хэрэг, миний хувьд сонссон хоёр дахь хэрэг юм.

… Оюутан ахуй цагтаа зуны амралтаар нутагтаа очсон чинь “өмд тайлсанхэрэг” ид шуугиж байлаа. Манай Сайншандад эрэгтэй хүний дансанд явдаг боловч яг эмэгтэй хүн шиг хувцасладаг,үг яриа, намба төрх нь эмэгтэйрхүү хоёр хүн байсан юм. Манай сургуулийн дүрсгүй багачуул нэгнийх нь өмдийг тайлж харчихаад зугтаачихсан юмсанж. Энэ шуугиан хэдэн сар үргэлжлээд, дунд сургуулийн захирал нөгөө хүүхдүүдийг тушаалаар донгодоод л өнгөрсөн. Өмд тайлсан хоёр дох тохиолдол энэ.

Над бол арай л ахадсан шийтгэл шиг бодогдоод байгаа юм. Би бол Дашзэвэг андыгаа арван хуруу шигээ мэднэ. Юм үзэж, нүд тайлсан сайхан залуу байсан. Тийм насандаа өмд гутлын хэрэгт холбогдоогүй анд маань дал хол гарчихаад, эцгийнх нь дэргэд, хөгжлийн бэрхшээлтэй охиныг нь хүчирхийлэх гэж баймааргүй л юм даа. Харин, их өрөвч зөөлөн сэтгэлтэй, хэнд л бол тус болох гэж явдаг, цагаан цайлган сэтгэлтэй хүн гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Харамсмаар явдал болоход хамгийн түрүүнд лДашзэвэг маань хөдөлж байдаг л даа. Тэгээд ч, эмэгтэйн хөрч хөлдөх шахсан өвдөг шилбийг дулаацуулах гэсэн бол уу гэж бодож сууна. Шүүх хуралд гол гэрч Батмөнхийг яагаад биеэр нь оролцуулаагүй юм бол, тухайн үед байгаагүй том охиных нь мэдүүлэгээр яагаад шийдэж байгаа юм бол, гол хариуцагч эмэгтэйг шүүх хуралд оролцуулсан уу, үгүй юу, тэр хүн юу гэж мэдүүлдэг юм бол гэсэн олон асуудал бүдэг, бүүдгэр л байх юм.

Би бас, шүүх прокурорынхонд Дашзэвэгээр шүүмжлүүлж байсан ч юмуу, хувийн өш хонзонтой хүн нөлөөлсөн биш байгаадаа гэхчлэн янз бүрээр л бодох юм даа. Чухам үнэн болДашзэвэг маань бидний л адил ядуу сэтгүүлч. Хууль шүүхийнхэнд бэлэн аваад өгчих мөнгө төгрөг байхгүй. Тэгээд л “шоронгийн хадаас” боллоо гэх хүн олон таарч байна.

Ер нь шүүх прокурор гэдэг маань хүчингийн хэрэгт, яг Дашзэвэгт хандсан шигээ чанга хатуу хандаж байгаа юу гэдгийг би сонирхож байгаа юм. Өнгөрсөн онд хүчингийн гэмт хэргийн 376 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байх юм. Үүний зөвхөн 51 хувь нь шүүхээр шийдэгдсэн байна. 49 хувьд нь ямар нэг шийтгэлгүй ял завшаад өнгөрч. Ер нь ийм төрлийн хэрэг жилд дундажаар 300 гаруй л гардаг юм байна. Шийдвэрлэлт нь дундажаар 47 хувьтай байдаг аж. Энэ 47 хувьд л Б.Дашзэвэгийн 9 жилийн ялтай хэрэг явж байна аа даа. Цаад 53 хувь нь яасан бэ? Дандаа их мөнгөтэй баячууд, хуулийнхны танил тал, өндөр дээд албан тушаалтнууд байсан уу? Ийм л асуулт өөрийн эрхгүй тавигдаж байгаа. Намайг гүтгэлээ барилаа гэж заргалдаж магадгүй. Өмнөө байгаа энэ олон баримтнаас би хоёрхоныг авъя. УИХ–ын хоёр гишүүн эмэгтэй хүн хүчиндсэн, эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэн тэр байтугай хөнгөн гэмтэл учруулсан гэж хичнээн сар жилээр яригдавдаа. Бараг л телевиз нээх болгонд энэ хүчингийн хэргийг ярьдаг байлаа. Салтаа саамаа ил гаргачихсан, шалдан нүцгэн хүний зураг гардаг байлаа. Өнөөдөр тэд ямарч ял эдлээгүй, зүгээр л явцгааж байгаа.  Тэгэхэд далан хэдэн настай зохиолч сэтгүүлч өвгөн өмд тайлах хэргээр шоронгийн мухарт хоригдож байдаг, сонин байгаа биз.

Өөр нэг баримт авъя. Очир төвийн аллага гэж аймшигтай хэрэг гарсан. Хувийн баар цэнгээний газарт бүлэг алуурчид 13 настай охинд архи цутган өгч согтоогоод хүчиндэж алсан. Үүнийг хууль шүүхийнхэн олон сар мартагнуулж байгаад саяхан шийдэж, алуурчин хоёр залууг бүх насаар нь хорихоор шийтгэсэн. Цааз ялыг устгасан болохоор энэ хоёрт бол таарч тохирох ялыг нь өглөө гэж олон түмэн баяртай байгаа. Гэвч энэ хэрэгт хардлага дагуулсан олон зүйл бий. Эхлээд алуурчдыг гурван хүн байсан гэж сонинд гарсан. Нэг нь тэр доороо гадаадад оргон гарсан гэж мэдээлэгдсэн. Тэр хүн яасан бэ? Хэн нэг дарга даамлын хүүхэд, гол алуурчныг нь гадаадад гаргачихаад үлдсэн хоёрыг нь яллаж байгаа юм биш байгаадаа гэсэн хардлага хүмүүсийн дунд байсаар л байгаа. Нөгөө нэг тал нь Очир төв. Очир төвийг хааж удирдлагыг нь ялал гэж олон түмэн шаардаад байгаа. Хөзөр даалуу тоглуулчихсан айлыг мөрийтэй тоглоомын байр бэлдсэн гээд шийтгэж байгаа. Тэгтэл ямарч хяналтгүйгээр согтууруулах ундаа борлуулж аймшигтай аллага үйлдэхэд хүргэсэн Очир төв буруугүй юу? Үүнийг хэн хамгаалаад удирдлагыг нь ял шийтгэлгүй өнгөрөөж байгаа юм? “Ард нь УИХ–ын гишүүн байгаа” гэж баахан бичигдсэн. Хэрэв тийм бол тэр хүмүүст яагаад ял халдааж болоогүй юм? гэхчлэн хүчингийн хэрэгтэй холбоотой асар олон хэрэг хуулийн байгууллагынхны хуйвалдаанаар дарагдаж байна. Тэгэхэд, ухаан санаа нь орон гаран болсон, хөөрхий нэг өвгөнийг хүчингийн хэрэгт холбогдуулан 9 жилийн ял тулгачихаад сууж байгаа шүүх прокуроруудыг харахаар дэндүү алагчлал харагдаад байна.

Монголын нэрт зохиолч сэтгүүлч Б.Дашзэвэг маань энэ хатуу хүндийг даалгүй шоронд үхэх байх л даа. Тэгээд ч үхэхийн өмнө над захидал бичиж, шүлэг зохиолоо явуулсан болов уу. Одоогоос нэгэн жарны өмнө миний найз Тангадын Галсан “Арвайхээр” найраглалдаа “Өнгө мөнгө хоёр, үнээ хэзээ алдах бол. Өөдгүй хуурамч сэтгэлийн үр хэзээ тасрах бол”хэмээн бичиж байсансан. Тэгсэн чинь өнөөдөр “өнгө мөнгө” хоёр улам үнэд орж, “өөдгүй хуурамч сэтгэл” улам хүчээ авлаа.Б.Дашзэвэгийн ирүүлсэн шүлгүүдээс доор нийтлэв.

Төрсөн нутагтаа үлдээх шүлэг

Хашгирахад, бас уйлахад

Хад чулуу нь дуу хоолойг минь шингээж авсан

Өндөр өндөр уулсын орой

Өөрийнх гэдэг Бурхан Буудай

Өнхрөх чулуунд чинь

Өөрийн минь булууны яс ивээс болно.

Их уулс минь

Торолзон байх тоймчийн овоо

Торойн сүүмийн харагдаж байдгийм

Тэр овооны түмэн чулуунд

Тойгны минь яс өнгө нэмнэ довцог толгод минь

Магтаалын минь үргэлжлэл

Миний үр ач зээ нар

Магад үүнийг хийх л байх

Маргашгүй үнэн тэр л шүү цогт түмэн минь

Дуулахад дутуу ч дүүрэн түрлэг өргөх

Түмэн олон минь

Дуун дугараа тань

Дундрахгүй ээ, мөнхөд түрнэ цогт олон минь

Радио, телевизд мөнхөрсөн

Аялгуу ялгагдах дуу, төрх минь

Амьд байна гээд тунхаглана

Архив ухалтгүй ээ

Ач зээ нар минь

Аав минь, өвөө минь гээд л

Аялаг хоолой, амьд төрхийг

Амьтан бүхэнд Алтайн ууланд цуурайлна ахан дүүс минь

Тэгэхэд

Бурхан Буудай уул

Будан манангаа нэгэнтээ шилгээнэ

Ээж хайрхан

Энэхэн хүүгээ санаад нэгэнтээ өндөлзөнө

Төгрөг нуур нулимс болоод

Савнаасаа нэгэнтээ хальж мэлтэрнэ

Тосонгийн тал цээжээ агшааж нэгэнтээ санаа алдана

Булган хошуу

Бараа сураг тавин хотолзон хүлээнэ.

Яргайтын гол, хар хадны булаг

Яах аргагүй намайг хүлээнэ, хүлээж байгаа хүүгээ

Бусдын нутагт байхад

Бурхан Буудай дуудна

Энгүй хол явахад

Ээж хайрхан даллана

Цаашлан цаашлан холдоход

Цогт нутаг минь ойрхон!

 

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн олон улсын сэтгүүлч,

философийн ухааны доктор Бизъяагийн Дашзэвэг

SHARE