“Нант” Салагийн наймааны үнийг “Кардифф”-аас нэхэв

28 настай аргентин довтлогч Эмилиано Салагийн сууж явсан онгоцыг Ла Маншийн хоолойн ёроолоос олсон тухай мэдээ түгсэн. Мөн онгоцонд нэг цогцос байгаа тухай зарласан. Тэгвэл өнөө өглөө тэрхүү цогцсыг гаргасан ч одоогоор хэнийх болохыг нь зарлаагүй байна.

Энэ зуур Францын “Нант” Уэльсийн “Кардифф”-аас Салагийн төлөө төлнө гэсэн 15 сая паундыг нэхэмжилжээ. Нэгэнт гэрээ хэлэлцээр хийсэн тул түүнийгээ биелүүлэх ёстой гэж Францын багийн удирдлага үзэж буй гэнэ.

“Кардифф” түүхэндээ байгаагүй өндөр үнээр Эмилиано Салаг авахаар болсноо албан ёсоор зарласан. Хэрвээ ойрын хэдэн хоногт мөнгөө төлж эхлэхгүй бол “Кардифф”-ыг шүүхэд өгнө гэдгээ “Нант” мэдэгджээ.

Мөн Эмилиано Салагийн онгоцны осолд орсон явдалд хэн буруутай тухай яриа ч өрнөж эхэлж байна. Хөлбөмбөгчийн найзын өгүүлснээр бол “Кардифф”-ын удирдлага хөлбөмбөгчийн агентыг яаруулсны улмаас Сала цаг агаар муу байхад яаран нисэхээс аргагүйд хүрсэн гэнэ.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE