Крамник 43 насандаа шатарчны замналаа өндөрлүүлж буйгаа зарлалаа

Дэлхийн шатрын 14 дэх аварга, ОХУ-ын их мастер Владимир Крамник мэргэжлийн шатарчны замналаа өндөрлүүлж буйгаа зарлалаа. Нидерландын Вейк-ан-Зее-гийн супер тэмцээнд сүүлийн байрт орсныхоо дараагаар их мастер ийм шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм.

“Мэргэжлийн шатарчны замналаа өндөрлүүлье гэж би хэдэн сарын өмнө өөртөө шийдсэн юм. Харин саяхан сүүлчийн тэмцээндээ оролцлоо. Шийдвэрээ ил зарлахыг би хүссэн.

Шатар надад бүхнийг өгсөн. Мэргэжлийн шатарчны замнал маань сонирхолтой, адал явдлаар дүүрэн байлаа. Заримдаа хэцүү ч гэсэн заримдаа зөвхөн мөрөөдөж л болохоор амжилтын оргилд гаргасан. Миний хувьд ч юугаар үнэлшгүй туршлага хуримтлууллаа. Би шатарт өөрийгөө бүрэн зориулж, чин сэтгэлээ бүрэн өгсөн.

Өмнө нь би хэлж байсан. Өөр ямар нэгэн зүйл хиймээр байна гэнэ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд миний хүсэл эрмэлзлэл буурч, суларсан тул одоо цаг нь болсон гэж бодож байна. Цаашид хүүхэд багачуудад шатар зааж сургах, боловсрол мэдлэг олгох тал дээр ажиллахыг хүснэ.

Мөн рапид болон блицийн тэмцээнд үе үехэн оролцож байх болно” хэмээн Владимир Крамник мэдэгджээ.

Владимир Крамник 2000 онд Мэргэжлийн Шатрын Холбооноос зохиосон Дэлхийн шатрын аваргын төлөөх тоглолтод Гарри Каспаровыг хожсон. Харин 2006 онд Мэргэжлийн Шатрын Холбоо Дэлхийн Шатрын Холбоотой нэгдэхэд дэлхийн аваргын титмээ хамгаалсан юм.

2007 онд Энэтхэгийн их мастер Вишванатан Анандад хожигдсноор Дэлхийн шатрын аваргын титмээ алдсан.

News1.mn Р.Гэгээ

SHARE