Фредди Меркьюри “Алтан бөмбөрцөг” атгалаа

Лос-Анжелест 76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслол боллоо. “Оскар”-ын өнгийг тодорхойлдог өмнөх том сорилт гэж нэрлэгддэг тус ёслолын гол баатар нь алдарт Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюригийн амьдралаас сэдэвлэн Брайан Сингерийн бүтээсэн Bohemian rhapsody кино байлаа.

Bohemian rhapsody  Шилдэг киногоор тодорсон төдийгүй Фредди Меркьюригийн дүрийг бүтээсэн Рами Малик Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ.

Тэгвэл Питер Фарреллигийн бүтээл Green Book энэ удаагийн ёслолоос хамгийн олон буюу нийт гурван “Алтан бөмбөрцөг” гардлаа. Тус бүтээл Шилдэг комеди/мюзикл кино, Шилдэг эрэгтэй туслах дүр /Махершал Али/ болон Шилдэг киноны зохиол төрөлд тэргүүлсэн юм.

Харин Брэдли Куперийн найруулж Леди Гагагийн хамтаар гол дүрийг нь бүтээсэн  A Star Is Born бараг бүх төрөлд нэр дэвшсэн ч ганцхан Шилдэг киноны дуу төрөлд “Алтан бөмбөрцөг”-тэй харилаа. Ийнхүү Леди Гага анхны “Алтан бөмбөрцөг”-өө гардсан юм.

Энэ удаагийн “Оскар”-ын гадаад хэл дээрх киноны төрөлд гарцаагүй тэргүүлнэ гэгдэж буй Мексикийн нэрт кино найруулагч Альфонсо Куароны “Ром” кино хоёр чухал шагнал хүртлээ.Куарон Шилдэг найруулагчийн шагналыг гадаад хэл дээрх шилдэг кинотой хамтад нь авсан юм.

Хар цагаан кино “Ром”-ын зохиолыг Куарон өөрөө бичиж, өөрөө найруулж, мөн өөрөө оператороор ажилласны зэрэгцээ өнгөрсөн наймдугаар сард Венецийн кино наадмын гол шагнал “Алтан арслан”-г аргамжин харьж чадсан юм.

Шилдэг хүүхэлдэйн киногоор гайхалтай графикаараа ялгарсан Spider-Man: Into the Spider-Verse тодорлоо. Энэ жилдээ Хүн-аалзын өмнө гишгэх хүүхэлдэйн кино огт байхгүй гэдэг дээр мэргэжилтнүүд бүгд санал нэгдчихээд байгаа гэдэг.

Vice кинонд АНУ-ын дэд-ерөнхийлөгч, нийтдээ дөрвөн Ерөнхийлөгчийн засаглалд ажиллаж үзсэн Дик Чейнигийн дүрийг бүтээсэн Кристиан Бэйл комеди/мюзиклийн Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ.  Vice нийтдээ зургаан төрөлд нэр дэвшсэн ч ганц “Алтан бөмбөрцөг” гардсан нь энэ юм.

Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Wife кинонд нөхрийнхөө нууцыг гэнэт задлахаар шийдсэн эхнэрийн дүрийг бүтээсэн Гленн Клоуз хүртлээ.

Ийнхүү ялагчдын 70 хувь нь “Оскар” гарддаг гэдэг “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслол болж өнгөрлөө.

News1.mn Р.Гэгээ

SHARE