Роналдо шигшээ багтаа дахин тоглоно

Криштиано Роналдо 2018 оны ДАШТ-ээс хойш шигшээ багтаа тоглоогүй. Тэрбээр Испанийн “Реал Мадрид”-д есөн улирал тоглосны дараагаар Италийн “Ювентус”-т очсон тул шинэ газар, шинэ багтаа аль болох хурдан хугацаанд дасан зохицохын тулд шигшээ багийнхаа намрын тоглолтуудад очоогүй юм. Харин энэ оноос тэрбээр дахин Португалын шигшээдээ тоглохоо мэдэгджээ.

“Энэ оноос би Португалын шигшээ багтаа дахин тоглох болно. Португалын Хөлбөмбөгийн Холбоотой би өнгөрсөн намрын тоглолтуудад оролцохгүй гэж урьдчилан тохирсон юм. Одоо би 33 настай. Шинэ улсад очиж, шинэ багт тоглох болсон тул шинэ хамт олонтой болж, шинэ дэглэм барихад хүргэсэн. Үүний тулд би шигшээ багаасаа хэсэг хөндийрч, клубт илүү анхаарах шаардлага гарсан” хэмээн Роналдо өгүүлжээ.

Өнгөрсөн намар Роналдогүй Португалын шигшээ Үндэстнүүдийн цомын тэмцээний хэсгээ тэргүүлж, шөвгийн дөрөвт шалгарчихаад байгаа билээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE