Моуриньо халагдсныхаа дараагаар юу өгүүлэв?

Жозе Моуриньо Английн “Манчестер Юнайтед”-д хоёр жил хагас ажиллахдаа Европа лигийн аварга, Английн Лигийн цомын аварга болсны зэрэгцээ Английн Супер цомыг мөн гардсан билээ.

Гэвч 2018/19 оны улирлыг тааруу эхлүүлж, баг нь зургаадугаар байрт бичигдэж буйн зэрэгцээ бөмбөгийн зөрүү 0 буюу /29:29/ байгаа нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй үзүүлэлт хэмээн үзэж түүнийг халсан.

Моуриньо халагдсныхаа дараагаар хэвлэлд огт ярилцлага өгөөгүй. Гэвч сэтгүүлч нэртэй ч мэдлэг дулимаг, сэтгэл хар зарим нэгэн хальтарсан дээр нь түлхэв гэгчээр Лукаку зэрэг багийнхаа тоглогчдыг муулсан мэтээр эвлүүлгийг даган “харайж”, орчуулж зориудаар “гэнэдснийг” Моуриньо үгэндээ хавчуулаад амжжээ.

Ингээд Моуриньогийн халагдсныхаа дараагаар сэтгүүлчдэд хэлсэн анхны үгсийг хүргэж байна.

“”Манчестер Юнайтед”-ын бэлэг тэмдгийг энгэртээ гялалзуулсан эхний өдрөөсөө л би асар их бахархал бардамналыг мэдэрсэн. “Юнайтед”-ын фанатууд ч үүнийг минь мэдэрсэн биз ээ.

Урьдын клубүүдийнхээ адил би гайхалтай хүмүүстэй хамт ажиллалаа. Зарим нь насан туршдаа миний найз хэвээр байх биз ээ.

Та бүхэн миний мэргэжлийн зарчмыг мэдэх хойно. Би ажиллаж байсан багаа үргэлж хүндэтгэж, хуучин багийнхныхаа талаар хар буруу үг огт дуугардаггүй зарчимтай хүн. Тиймээс надаас “Юнайтед”-ын талаар муу үгс хүлээгээд нэмэргүй.

Хэвлэл мэдээллийнхэн миний байр суурийг хүндэтгэн, дахин шинэ ажил эхлүүлтэл маань жирийн сайхан амьдруулна гэж найдья” хэмээн Моуриньо мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE