Нийтийн бие засах газар төрсөн эмэгтэйг хүн амины хэрэгт буруутгажээ

Сальвадорт нэгэн дуулиантай шүүх хурал боллоо. 20 настай бүсгүй Имельда Кортезийг хүн амины хэрэгт буруутган 20 жилийн ял төлөвлөсөн байж. Гэвч шүүх хурал хүн амины хэрэг болоогүйг тогтоогоод харин хүүхдээсээ санаатайгаар татгалзсан гэж үзэн 12 сарын ял оноосон байна. Гэтэл удалгүй шүүх хурлыг дахин хийж, бүсгүйг ямар ч буруугүй хэмээн үзэн, хэргийг нь хүчингүйд тооцжээ.

Имельда Кортез 70 настай хойт эцэгтээ хүчиндүүлж, жирэмсэн болсноо эхний шүүх хурал дээр хэлсэн байна. Мөн түүнийг 12 настайгаас нь хойш олон удаа хүчиндсэн тухай мэдүүлжээ.

Бүсгүй хэнээс жирэмсэн болсноо хүмүүст огт хэлээгүй бөгөөд олон нийтийн бие засах газарт гэнэт төрөлт эхэлсэн гэнэ. Тэндээс Имельдаг цус алдсан байхыг олж, улмаар эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Харин эмч нөхцөл байдлыг ажаад Имельдаг аборт хийлгэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж, цагдаа нарт ханджээ.

Ингээд цагдаа нар Имельдаг олсон олон нийтийн бие засах газарт очиж үзлэг хийхэд дөнгөж төрсөн нялх охиныг олсон байна. Охин амьд, бие нь эрүүл байгааг эмч нар тогтоожээ. Харин Имельдаг хүүхдээ хөнөөх гэсэн хэмээн үзэж 20 жилийн ял төлөвлөсөн гэнэ.

Хэдийгээр хойт эцэгтээ хүчиндүүлсэн, төрөлт гэнэт эхэлж, цус их алдсаны улмаас хүүхдээ тэвэрч ч чадаагүй гэдгээ Имельда цагдаад удаа дараалан хэлсэн ч итгээгүй аж.

Имельдаг эмнэлэгт байхад хойт эцэг нь очиж, хүчиндсэн, жирэмсэн болгосон тухай ам нээвэл гэр бүлийг нь хүйс тэмтэрнэ гэж айлган сүрдүүлжээ. Түүний тэдгээр сүрдүүлсэн үгсийг хажуу тасагт хэвтэж байсан жирэмсэн бүсгүй сонсож, гэрчилсэн байна. Мөн ДНК-гийн шинжилгээгээр хойт эцгийнх нь хүүхэд болохыг хөдөлбөргүйгээр тогтоожээ.

Имельда Кортезийн хэргийг хүчингүй болгож, үнэн мөнийг тогтооход Сальвадорын хүний эрхийн төлөөх байгууллагын идэвхтэй ажиллагаа, мөн олон нийтийн санал, хөдөлгөөн ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE